sonin.mn

11 дүгээр сарын 18-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо БНХАУ-ын Гадаад харилцааны яам болон Япон Улсын Гадаад явдлын яамны төлөөлөгчид хэлэлцээ хийв. Уулзалтын үеэр Хятад Улс Японы Ерөнхий сайд Такаити Санаэгийн Хятадтай холбоотой асуудлаар гаргасан буруу мэдэгдлийн талаар дахин хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж, түүнийгээ нэн даруй засаж залруулах, Хятадыг өдөөн хатгасан үйлдлээ таслан зогсоохыг шаардлаа. Мөн хоёр талын харилцааны улс төрийн үндсийг бодитоор хамгаалахыг Японд анхааруулав.


Хятадын Төв Радио телевиз энэ тухай: "Такаити Санаэ 11 дүгээр сарын 7-нд Тайванийн асуудлаар Япон зэвсгийн хүч ашиглаж магадгүй гэсэн утгатай мэдэгдэл хийснээс хойш Хятад Улс түүний өдөөн хатгасан шинжтэй байр суурийг хатуугаар няцааж ирсэн. Хятадын Гадаад харилцааны дэд сайд Японы Элчин сайдыг яаралтай дуудан хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэнээс эхлээд олон байгууллага анхааруулга өгч, иргэддээ Япон улсыг зорчихоос зайлсхийхийг сануулсан юм. Хоёр улсын хамтарсан олон нийтийн санал асуулга явуулах, “Бээжин—Токио” форумыг хүртэл хойшлуулсан нь Хятадын байр суурь ямар хатуу байгааг бүрэн харуулж байна.


Хятадын хувьд Тайванийн асуудал бол “улаан шугамын доторх улаан шугам” юм. Энэ асуудлыг өдөөн хатгаж, Хятад улсын бүрэн эрхт байдалд ил тод халдсан Такаитигийн үйлдлийн үр дагавар нь харагдаж эхэллээ.


Өнөөдөр Хятад улс Японы хамгийн том худалдааны түнш, экспортын хоёр дахь том зах зээл, импортын хамгийн том эх үүсвэр билээ. Японы Номура судалгааны институтийн шинжээч Мокиути Нобүёкигийн тооцоогоор, хэрэв Хятадаас Японд зорчих жуулчдын тоо огцом буурвал Японы эдийн засагт 2.2 их наяд иений (ойролцоогоор 101.16 тэрбум юань) алдагдал үүсэх магадлалтай. Нөлөөлөл нь хэдийн илэрч эхэлсэн: Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд 18-нд дараалан гурав дахь өдрөө унав; Олон ч Хятад–Японы бизнесийн арга хэмжээнүүд цуцлагдсан тухай Японы хэвлэлүүд мэдээлэв. Японы дотоодод ч Такаитигийн буруу мэдэгдлийг буруушаасан байр суурь хүчтэй өсөж, “мэдэгдлээ тодорхой, албан ёсоор буцаан авах ёстой” гэх уриалга ширүүсэж байна.


Хариуцлагатай их гүрний хувьд Хятад Улс зөвхөн өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалаад зогсохгүй, дайны дараах олон улсын дэг журмыг, бүс нутгийн амар амгаланг хамгаалж буй хэрэг юм.


Тэр дундаа энэ жил Хятад ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялсны 80 жилийн ой тохиож буй тул Такаитигийн үйлдэл нь энэ түүхэн ялалтын үр дүнг бүдгэрүүлэх, олон улсын дэг журмыг сорих, түүхэн шударга ёсыг гажуудуулах ноцтой алхам болохыг Хятад улс онцлон тэмдэглэж байна.


“Такаитигийн хямрал” нь санамсаргүй зүйл биш. Энэ бол Японы барууны хүчнүүд энхийн Үндсэн хуулийн хязгаарлалтыг даван гарч, Японыг “энхийн дараах улс” бус “цэргийн их гүрэн” болгох оролдлогын үр дүн юм.


Такаити удаа дараа Энхийн Үндсэн хуулийн 9-р заалтыг устгах, Өөрийгөө хамгаалах хүчнийг “үндэсний арми” болгох, Ясукунигийн сүмд байнга мөргөл хийх, “тонус эмэгтэйчүүд буюу цэрэг цэнгүүлэгч эмэгтэйчүүдийн асуудал” зэрэг түүхийн баримтыг үгүйсгэх зэрэг үйлдлээрээ түүхэн ревизионизмын тод жишээ болсон.


Дайны дараах хариуцлага бүрэн цэгцрээгүй, олон улсын орчин өөрчлөгдсөн, Японы эдийн засаг савлаж ирсэн зэрэг хүчин зүйлээс үүдэн түүхийг засварлах үзэл улам гаарч, Япон улс “ялагдсан орны шошго”-оос ангижрахыг эрмэлзэх болсон нь милитарист үзэл дахин сэргэх хөрсийг бүрдүүлжээ.


Энэ оны 7 сард Такаити тэргүүлсэн Либерал Ардчилсан Нам Японы барууны үзэлт “Ишин Но Кай” намтай эвсэж, “хоёр жилийн дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах”-ыг зорьсон. Үүнд Энхийн Үндсэн хуульд туссан “зэвсэгт хүчний эзэмшлийг хориглох” заалтыг устгах, “онцгой байдал” гэсэн шинэ заалт нэмэх зэргээр армийг хэвийн институц болгох явцыг түргэвчилж байна. Энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Такаити Засгийн газрын бодлогыг дараах гурван чиглэлд хүчтэй урагшлуулсан:


1. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах


Эхлээд “онцгой байдлын” заалт оруулж, дараа нь Өөрийгөө хамгаалах хүчний үүргийг хуульчилж, эцэст нь “зэвсэгт хүчин эзэмшихгүй” гэсэн заалтыг устгах стратеги баримталж байна.


2. Цэргийн хүчээ бэхжүүлэх


“Аюулгүй байдлын гурван баримт бичиг”-ийг 2026 оноос өмнө шинэчлэх, батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 2%-д хүргэх зорилтыг 2027 оноос 2025 он руу урагшлуулах, 2026 оны батлан хамгаалах төсвийг 8.85 их наяд иен болгон “14 жил тасралтгүй өсгөх”, хуучин Японы армийн цолыг сэргээх төлөвлөгөө гаргаж байна. Эдгээр нь Японы “Өөрийгөө хамгаалах хүчний” энхийн шинжийг бүдгэрүүлж, колончлолын гамшгийг амссан улс орнуудын ард түмэнд гүн гүнзгий сэтгэлийн шарх өгөхөд хүргэж болзошгүй.


3. Зэвсэглэлээ өргөжүүлэх


Цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны судалгаа Японы цэргийн тэлэлтийн гол хэсэг болоод байна. Япон улс 47 тонн салгасан плутонид хуримтлуулсан нь хэдэн зуун цөмийн хошуу үйлдвэрлэх боломжтой.


Такаити “Цөмийн энергийн үндсэн хууль” зэрэг гол хуулиудыг засварлан “Цөмийн зэвсэггүй гурван зарчмыг” дахин үнэлэхээр зэхэж байна. Японы үйлдвэрлэсэн зэвсгийг гуравдагч улсад шууд экспортлохыг зөвшөөрөх санаачилга ч гарчээ.


Эдгээр аюултай үйлдлүүд нь хөрш орнуудын хүчтэй шүүмжлэлийг дагуулсан. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Шойгу Такаити Санаэгийн түүх гуйвуулсан бодлогыг шүүмжилж, түүний Оростой харилцааг хэвийн болгоно гэсэн мэдэгдэлтэй нь зөрчилдөж байгааг хэлсэн. БНСУ Докто арал (Японы нэршлээр Такэсима)-тай холбоотой мэдэгдлийнх нь төлөө хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, 11-р сар дахь хамтарсан сургуулилалтыг цуцлав. БНАСАУ-ын хэвлэлүүд Японыг “дайнд бэлтгэгч улс” хэмээн шүүмжилсэн... Энэ бүхэн нь Хүйтэн дайнаас хойш бараг тохиогоогүй олон улсын нэгдсэн эсэргүүцлийг бий болгож, Япон улс Зүүн Азийн энх тайванд ноцтой заналхийлэл болж хувирсныг харуулж байна.


Дэлхийн олон бүс нутаг дайн, үймээнд автаж буй энэ үед Зүүн Азийн урт хугацааны энх тайван туйлын үнэ цэнтэй. Ямар нам засаглаж байхаас үл хамааран Япон улс энхийн хөгжлийн зам мөрөө чанд сахих ёстой.


Хятад улс дэлхийн хоёрдугаар дайнд ялсан түүхэн үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, милитаризмыг дахин сэргээх гэсэн аливаа оролдлогыг хатуу эсэргүүцсээр байх болно. Олон улсын хамтын нийгэмлэг ч мөн адил хүч хамтачлан, Японы милитаризм дахин сэргэхийг огтхон ч зөвшөөрч болохгүй, дэлхийн энх тайван дахин сүйдэхийг үл тэвчих ёстой юм." гэв.



Н.Пүрэвжав