sonin.mn

Дорнод аймагт “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын араас Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан тэргүүтэй албаны хүмүүс Дорнод аймагт хоёр дахь жилдээ баригдаж буй Спорт цогцолборын барилгын явц болон Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын ажилтай танилцлаа. 


504 хүний суудалтай, заалны спортын төрлүүд, фитнес, бокс, бөхийн бэлтгэлийн заал, усан басейн бүхий Спорт цогцолборыг 2021 оны есдүгээр сараас эхлэн барьж эхэлсэн байна. Хийгдэх томоохон ажлуудаас усан басейн болон агааржуулалтын тоног төхөөрөмжийг угсарч дуусбал улсын комисст хүлээлгэн өгөх гэнэ. Захиалагч талаас хэлэхдээ “Барилгын ажил дуусах дөхсөн ч чанар, стандартад тавих хяналтаа улам дээшлүүлэхийг онцгойлон анхаарууллаа.  




Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон 2024 оныг Бүсийн спортын хөгжлийг дэмжих жил болгон зарлах хүрээнд Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан таван улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулах юм. Тухайлбал, волейболын өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн болсон бол шатар, үндэсний сур, ширээний теннис, хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн, боксын олон улсын тэмцээн зохион байгуулна.