sonin.mn

Тун удахгүй гуравхан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Улс орноо зөв удирдан чиглүүлэх, хөгжүүлэх удирдагчаа бид хэдэн 10 жил дарааллан хоосон том амлалтад хууртаж, хариуцлаггүй, бодлоггүй сонголтуудыг хийж ирсэн гашуун түүхтэй. Энэ удаад ирээдүйн хувь заяагаа шийдэх сонголтоо хариуцлагтай, ухаалгаар зөв л хийхгүй бол Монголын ирээдүй бүрхэг байгааг хүн бүр харж байгаа байх. Энэ жилийн сонгууль бүсчилсэн тойргоор буюу бүр илүү томсгосон холимог хэлбэрээр явагдана. Угийн томсгосон тойргийг бүр томруулж байгаа нь хэнд ашигтай бэ? гэхээр танигдсан том намууд, мөнгөтэй нэр дэвшигчдэд л ашигтай.


Саналаа худалдахгүй байхын тулд нэр дэвшигчдийн зүгээс тараадаг жижиг сажиг бэлэг сэлт, хоосон амлалтад хууртхагүй байх, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь үндэслэлтэй хэсэг, өмнө засгийн эрхэнд байхдаа юу хийж бүтээсэн зэргийг харж тооцоо судалгаатай хандах тийм л өндөр боловсролтой сонгогч байх ястойг хатуу сануулъя.


Монгол улсад амьдрах орчин нөхцлөөс эхлээд болж бүтэхгүй олон асуудалууд ар араасаа хөвөрч байна. Яг одоогийн нэн тэргүүний асуудал бол, орчны болон агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, хүний эрүүл мэндэд асар их хор нөлөөтэй бохир нийгэмд амьдарч байна. Энэ дэлхий дээрх хүн бүр үндсэн эрхтэй, нэр төр, үнэ цэнэтэй. Тиймээс Монгол улсын иргэн бүр амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй. Гэтэл тэдний хамгийн наад захын үндсэн эрх нь зөрчигдөж эрүүл бус, хүнсний аяюулгүй байдал нүүрэлсэн, орчны болон агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн орчин нөхцөлд амьдарч байна. Хэдийгээр хаврын урин цаг ирж утаанаасаа бага ч болов салж байгаа хэдий ч энэ өвлын унасан их цас хайлж, газар хэсэж байгаа энэ үед орчны бохирдол ихээр үүсч, шар ус, бохир 00 нь гудамж талбай руугаа урсаж, иргэд туучиж гарахаас өөр замгүй нөхцөлд байна. Үүнээс үүдэн олон төрлийн амьсгалын болон халдварт өвчний үүр болж, улс орны ирээдүй мөхөж байгаа нь харамсалтай. 


Дэлхийд байхгүй байгалийн баялагтай улс. Гэтэл түүнийгээ эрх мэдэлтнүүд нь гадагшаа гаргаж, зөвхөн тэд л хөрөнгөжиж, хөрөнгөө хөгжүүлсээр... Монголд ядуурал, хүнсний аюулгүй байдал нүүрэлсэн дээрээс нь авилга нь бүр нарийсч системтэй авилга болтлоо хөгжжээ. Үүний оронд дэд бүтцээ системтэй хөгжүүлж, эмх замбраагүй хот төлөвлөлтдөө өндөр зохион байгуулалттай арга хэмжээ авсан бол өнөөдрийн энэ аймшигтай замын хөдөлгөөний түгжирэл үүсэхгүй байсан байх.


Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой бэ? Мэдээж сүүлийн 30 гаруй жил төр удирдсан үе үеийн, шат шатны эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээх ёстой!. Хариуцлага хүлээлгэдэг хууль тогтоомжтой, хариуцлагын симтемтэй, тогтолцоотой нийгэм бидэнд дутагдаж байна. Хүн бүр олон нийтийн сүлжээнд, нийгэмд өрнөж байгаа түмэн асуудлын талаар хөндөж, ярьж, бухимдаж байгаа хэдий ч гагцхүү шийдэл, гарах гарц болон хариуцлага хүлээлгэж доривтой арга хэмжээ авдаггүй, хариуцлага тооцдоггүй. Тэгэхээр Монгол улсын “хөгжлийн бодлого”-ыг өөрчлөж, цаашлаад хариуцлагын тогтолцоотой, хариуцлагын системтэй нийгмийг бий болгож ажиллах чадвар бүхий нэгнийг улс төрд гаргах сонголт иргэн бүрийн өндөр хариуцлагатай оролцоо, ухамсар л шийднэ. Өмнөх нийтлэлүүдээрээ Монгол улсын хөгжлийн гарц хийгээд тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудлуудын талаар хөндөж, гарах гарц, шийдэлийн талаар хүргэсэн.


Тухайлбал: “Чөлөөт бүс, аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр эдийн засгийн хөгжилд ахиц гарна”, “Улаанбаатарыг тойрсон хотын төв рүү орох, гарах 3 эгнээтэй хурдны зам барьснаар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ”, Боловсролын тал дээр... “Техник-мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх мэргэжлийн сургуулиудийг нэмэгдүүлэх хэрэгтэй”, “Утаанаасаа салах хамгийн үр дүнтэй шийдэл бол нүүрсний хэрэглээгээ бууруулж байгалийн хийг нэвтрүүлэх” гэх мэт. Тэгэхээр бид олон сая хүн амтай бусад улс орон шиг хөгжих бүрэн боломжтой. Тэр хэмжээний эдийн засгаа хөгжүүлэх байгалийн баялаг нь хангалттай байгаа.


Монгол улсын газар зүйн байрлалаасаа шалтгаалж дэлхийн хоёр том гүрэн болох Орос, Хятад улсын дунд оршдог. Хоёр хүчирхэг хөрштэй. Дэлхийн хамгийн олон сая хүн оршдог 1,412,000,000 хүн амтай Хятад, 144,200,000 хүн амтай Орос улсууд агаар болон орчны бохирдолоо аль хэдийн шийдчихсэн, улс орныхоо хөгжлөөр дэлхийд тэргүүлж явахад 3,5 хан сая хүн амтай, асар их байгалийн бяалагтай Монголын улсыг хөгжүүлэх, цөөхөн хүн амын өмнө тулгамдаж байгаа замын түгжирэл, хот төлөвлөлт, агаарын, орчны бохирдолоо шийдэх тийм ч хэцүү биш байх. Зөвхөн мэдлэгтэй, туршлагатай, зөв бодлого гаргах чадвартай, өндөр мэдлэгтэй боловсон хүчин л Монголын төрд дутагдаж байна. Монгол улсын газар зүйн байрлал нь хөрш зэргэлдээ орнууд болон олон улсын, улс төрийн эдийн засагт чухал ач холбогдолтой. Цөөн хүн амтай, газар доорх байгалийн баялаг ихтэй. Энэ нь Монгол улсын хөрш улсууд болох Орос, Хятад улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг. Ядаж хөрш орнуудын хөгжлийн жишгээс санаа аваад үндэсний нөөц боломжиндооо тулгуурлан дэд бүтцээ бий болгон эдийн засаг, хөгжлийн бодлогоо тодорхойлж тэрхүү хөгжлийн процессоо амжилттай хэрэгжүүлж чадснаар Монгол улсын хөгжил эхэлнэ. 

 


Сэтгүүлч Б.Алтантуул