sonin.mn

Монголын даатгалын холбооноос “Жилийн хамгийн том 1%” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхлэж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд нийгэм эдийн засгийн амьдралд сөргөөр нөлөөлж буй, нөгөөтэйгүүр даатгалын салбарын оролцоотойгоор тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудад бүтээлч, шийдэлийг санал болгосон хэлбэрээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. 


Тус аяны хүрээнд зохион байгуулж буй “Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө салбар хурал” өнөөдөр боллоо. Хурлыг нээж хэлсэн үгэндээ "Монголын Даатгалын холбоо"-ны ерөнхийлөгч Т.Батзул: “Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг нэг болох авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбараас тодорхой шийдлүүдийг боловсруулж байгаа. Тодруулбал, зам тээврийн осол гарахад даатгалын компани дуудах цагийг бууруулах зорилгоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар газар дээр нь үнэлгээг нь хийх “Zuragu system” гэх технологийн шийдлийг боловсруулсан. 



Мөн даатгалын салбарт хэрэгжиж байгаа нэгдсэн мэдээллийн систем болох эрсдэлийн мэдээллийн зураглалаар дамжуулан Улаанбаатар хотын хаана, ямар эрсдэл гараад байгааг тодорхойлдог блокчейн технологийг шийдсэн.



Эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргадаг даатгалын мэдээллийн санг нэвтрүүлж, төрд байгаа мэдээллийн баазтай холбон эко систем үүсгэснээр түгжрэлийг 10-15 хувиар бууруулах боломжтой. Осол болсны дараа 30 минутын хугацаанд түгжрэлийн урт тухайн байршлаас хойш 4 км сунадаг гэх тооцоо бий. Тиймээс механик ажиллагааг багасгаж, цаг хугацаа хэмнэн, түгжрэлд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран шийдлээ хэлэлцэх нь чухал байна." гэсэн бол Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: “Хот төлөвлөлттэй холбоотой олон алдаанаас гадна зам тээврийн осол авто замын түгжрэлд багагүй нөлөө үзүүлдэг. 2023 оны байдлаар улсын хэмжээнд 25,235 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 21 мянга орчим нь нийслэлд гарсан. Уг 21 мянган ослоос 2600 орчим нь замын хөдөлгөөний түгжрэлд томоохон нөлөө үзүүлж, зорчих эрчмийг бууруулсан байна.



Нэгж ослыг шийдвэрлэх хугацаа 38 минут байдаг буюу бусад иргэд, жолооч нар төдий хугацаанд зам дээр гацаж байна гэсэн үг. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд жилийн 12 сарын нэг сартай дүйцэхүйц хугацааг түгжрэлд өнгөрүүлж байна.




Үүнээс үүдэж иргэд эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн асуудлаараа хохирч байгаа юм. Засгийн газраас Цахим хөгжлийн багц хуулийг баталсан. Төрд байгаа мэдээллийг хуваалцаж, шаардлагатай тохиолдолд хувийн хэвшилд ашиглуулах боломжтой. Даатгалын компаниуд осол болсон газар заавал хүн явуулж, цагдаа ирэхийг хүлээж цаг алдалгүй камерын системийн тусламжтай зөрчлийг шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээр тодорхой хэмжээнд үр дүн гарна. Гэхдээ тухайн осолд гуравдагч этгээд оролцоогүй байх, хүний амь нас эрстээгүй байх гэхчлэн хөнгөн зөрчлүүдэд цаг хугацаа хэмнэх технологийн шийдлийг ашиглах юм. Мөн даатгалын компаниуд заавал хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүйгээр жишиг аргачлалаар хохирлыг барагдуулж, гэрээт засварын газраар үйлчилгээ үзүүлснээр иргэдийн цаг завийг хэмнэх боломжтой гэв.


Харин "Агула даатгал" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Э.Мөнхтөр: "Манай компани бол даатгалын салбарт байгуулагдсан отгон компани юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн даатгалыг технологитой холбож, "Иншуртек" үйлчилгээг харилцагчиддаа үзүүлэн ажиллаж байна. Даатгалын гэрээ, борлуулат, нөхөн төлбөрийн бүх үйлчилгээг www.agula.mn вэб хуудсаар болон харилцагчийн аккаунтаар шийдэж байна. Мөн тогтвортой хөгжлийн хүрээнд иргэдийн даатгалын бүх гэрээг блокчейн технологиор холбох туршилтын ажлаа эхлүүлсэн байгаа. Зам тээврийн осол гарсан үед түгжрэл үүсдэг шүү дээ.



"Агула даатгал" ХХК нь даатгалын салбартаа хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээрээ түүчээлэн ажилладаг. Энэ хүрээндээ зам тээврийн ослын үед үүссэн түгжрэлийг богино хугацаанд шийдэх хиймэл оюун ухааныг зохион бүтээсэн байгаа.



Үүн дээр төрийн эрхзүйн дэмжлэгүүд хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл хуулинд зааснаар гэрээ байгуулж, харилцагчид гардуулан өгнө буюу цаасаар өгнө гэсэн утгатай байдаг нь онлайнаар гэрээ байгуулах үйлчилгээнд саад учруулж байна. Гэхмэтчилэн асуудлуудыг өнөөдөр ярилцаж, шинэ шийдэл, санаачлага гаргах зорилгоор оролцож байна. Төрийн зүгээс дата мэдээллүүдээ солилцох талаар шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж байна. " хэмээлээ.





Өнөөдрийн “Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө салбар хурал”-аар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн суурь шалтгаан болох даатгалын салбарын шууд оролцоотой зам тээврийн осол зөрчлийг УБ хотын газрын зурагт визуаль байдлаар бүртгэлжүүлэх, эрсдэлтэй зам, хэсгүүдэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах, зам тээврийн осол зөрчлөөс үүдсэн хохирлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтоох, шийдвэрлэх зэрэг технологийн шийдлүүдийг танилцуулж байгаагаараа онцлог болж байна. 


Цаашид “Жилийн хамгийн том 1%” нөлөөллийн аяны хүрээнд зам тээвэр, барилга угсралт, эрүүл мэндийн салбарт эрсдэлийг бууруулахад чиглэсэн стандартуудыг дэвшүүлэх, урьдилсан сэргийлэх чиглэлээр аливаа хуулийн этгээд, иргэний санал санаачлага, шийдлүүдийг дэмжиж ажиллах, даатгалын гэрээний явцад хяналт тавьж, эрсдэлийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.