sonin.mn

Байгаль цаг уурын Эль-Ниньо үзэгдлийн болзошгүй сөрөг үр дагаврыг багасгахын тулд Панамын сувгаар өдөр бүр нэвтэрч буй хөлөг онгоцнуудын тоог цөөлөхөөр шийдвэрлэжээ.


Панамын сувгийн захиргаанаас мэдээлснээр, сувгийн орчимд хур тунадас бага орсноос үүдэн нэвтрүүлэх хүчин чадлыг түр хугацаанд хязгаарлахаар болсон байна. 


Эхний хязгаарлалтыг 9 дүгээр сарын 3-нд хийх бол 15-наас эхлэн хоногт 32 хөлөг онгоцыг нэвтрүүлэх ажээ. Ингэснээр нэвтэрч буй хөлөг онгоцны тоо одоогийнхоос 11 хувиар цөөрнө. Атлантын далай, Номхон далай хоёрыг холбодог Панамын сувгаар дэлхийн худалдааны тээвэрлэлтийн 3 гаруй хувь нь дамжин өнгөрдөг. 


Энэ онд сувгийн бүсэд ордог хур тунадасны хэмжээ багасаж, сувгийн усны түвшин доошилсон тул зөөвөрлөж буй ачаагаа багасгахыг далайн тээврийн компаниудад мэдэгдсэн байна.


Номхон далайн гадаргуугийн температур нэмэгдсээр байгаа нь ган гачиг болох, өвөл өмнөхөөс дулаан болоход нөлөөлж болзошгүй байгаа юм. Мөн энэ онд Эль-Нино үзэгдлийн нөлөөлөл нь ажиглалт явуулж ирсэн түүхэн дэх хамгийн хүчтэй нь болж магадгүй байна. 



Б.Адъяахүү