sonin.mn

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И наймдугаар сарын 26-нд Бээжин хотноо АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Дэвид Пэрдьютэй уулзаж, хоёр орны харилцаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.


Ван И уулзалтын үеэр Хятад, АНУ-ын төрийн тэргүүн нарын стратегийн чиглүүлгийн дор хоёр орны хооронд бүтээлч, стратегийн тогтвортой харилцаа бий болгохын төлөө талууд ажиллаж байгааг онцлов.


Тэрээр Хятад, АНУ харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцан ашигтай үр дүнд хүрэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлтэд нийцнэ гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ хоёр орны харилцаанд эрсдэл, сорилт байсаар байгааг Ван И тэмдэглэсэн байна. Иймд төрийн тэргүүн нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны эерэг асуудлуудад төвлөрөх, санал зөрөлдөөнөө зохистой зохицуулах шаардлагатайг онцолжээ. Мөн өндөр түвшний харилцаанд саад болж буй хүчин зүйлсийг арилгаж, Хятад, АНУ-ын харилцааг тогтвортой, эрүүл хөгжлийн замаар урагшлуулахыг уриалсан байна.


АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Дэвид Пэрдью хоёр орны төрийн тэргүүн нар АНУ, Хятадын харилцаанд стратегийн чухал чиглэл өгч байгааг тэмдэглэв. Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампын тавдугаар сард Хятадад хийсэн айлчлалыг амжилттай болсон гэж үнэлээд, талууд харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа ахиулахад бэлэн байгааг илэрхийлжээ.


Түүнчлэн дараагийн шатны өндөр түвшний уулзалт, харилцаанд сайтар бэлтгэж, харилцан хүндэтгэл, эрх тэгш байдлын үндсэн дээр АНУ, Хятадын хооронд бүтээлч, стратегийн тогтвортой харилцаа хөгжүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Дэвид Пэрдью мөн АНУ-ын талын нэрийн өмнөөс Төвөдөд болсон үер, хөрсний нуралтын улмаас хүний амь нас эрсдэж, хохирол учирсанд эмгэнэл илэрхийлжээ.


Г.Бямба