sonin.mn

АНУ-д хүүхэд, өсвөр насныхны нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой Meta компанийн эсрэг үүсгэсэн томоохон маргаан наймдугаар сарын 26-нд талууд тохиролцоонд хүрснээр өндөрлөхөөр болжээ.


АНУ-ын мужууд Meta-г Facebook, Instagram платформыг хүүхэд, өсвөр насныхныг удаан хугацаагаар ашиглуулах, донтуулах шинжтэй байдлаар зохион бүтээсэн, үүнээс үүдэх эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн гэж буруутгаж ирсэн юм. Түүнчлэн 13-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг эцэг эхийн зохих зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэх асуудал ч нэхэмжлэлд багтжээ.


Тохиролцооны дагуу Meta хүүхэд, өсвөр насныхны Facebook, Instagram хэрэглээнд хэд хэдэн шинэ хязгаарлалт нэвтрүүлэхээр болсон байна. Тухайлбал, өсвөр насныхны өдөр тутмын хэрэглээг хоёр цагаар хязгаарлаж, 15 минут тасралтгүй ашигласны дараа завсарлага авах сануулга өгнө. Нийт хэрэглээ 60 болон 90 минутад хүрэхэд дахин мэдэгдэл өгөхөөр болжээ.


Мөн видео болон бусад контентыг автоматаар тоглуулах функцийг унтраах, алгоритмаар эрэмбэлээгүй мэдээллийн урсгал сонгох боломжийг өсвөр насныханд олгоно. Хэрэглэгчийн гадаад төрхийг бодит байдлаас эрс өөрчилдөг гоо сайхны зарим шүүлтүүрийг хязгаарлахаар тохиролцсон байна.


Шөнийн цагаар платформ ашиглахыг хязгаарласан “Night Mode” горим нэвтрүүлэхийн зэрэгцээ хичээлийн цагаар ирэх мэдэгдлийг багасгах арга хэмжээ авна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэглээг хянах боломжийг нэмэгдүүлж, нас баталгаажуулах тогтолцоог чангатган, 13-аас доош насны хүүхдүүд Facebook, Instagram ашиглахаас сэргийлэхээр болжээ.


Тохиролцооны санхүүгийн дүн ч анхаарал татаж байна. Meta компани ирэх 10 жилийн хугацаанд нийт 18 тэрбум ам.доллар хүртэл төлөхөөр болсон бөгөөд энэ нь хүүхэд, өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой хамгийн томоохон эрх зүйн тохиролцоонуудын нэг болж байна.


Энэхүү тохиролцоо хэрэгжсэнээр Facebook, Instagram зэрэг дэлхийн томоохон нийгмийн сүлжээнүүд хүүхэд, өсвөр насныхны хэрэглээг хэрхэн зохицуулах талаар шинэ жишиг тогтоож болзошгүй аж.


М.Чой