БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Фү Цун 11-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Палестин-Израилийн асуудлаарх яаралтай нээлттэй хуралдаанд үг хэлэхдээ, Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх нөхцөл байдал хурцдаж, үргэлжилсэн хүчирхийллийн улмаас олон энгийн иргэн амь үрэгдэж, шархадсанд Хятад улс гүнээ санаа зовниж байгааг илэрхийлэв. Тэрээр олон улсын хамтын нийгэмлэгийг шуурхай арга хэмжээ авч, мөргөлдөөний хүчирхийллийг таслан зогсоох, гэмгүй иргэдийн амь насыг аврах, шударга ёс, эрх тэгш байдлыг хамгаалахыг уриалав.
Фү Цун хэлэхдээ, Баруун эрэг болон Газын зурвас дахь нөхцөл байдал тасралтгүй дордож буй үндсэн шалтгаан нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг мөрдөхгүй байгаатай холбоотой. Палестины ард түмний оршин тогтнох болон хөгжих эрхийг удаан хугацаанд үл тоомсорлосоор ирсэн. Израиль улс суурьшлын бүс байгуулах үйл ажиллагаа болон суурьшигчдын хүчирхийллийг зогсоож, хариуцлага тооцохыг баталгаажуулах ёстой. Газын зурваст удаан хугацааны гал зогсоох хэлэлцээр хэрэгжихгүй удаж байна. Хятад улс Израиль болон холбогдох талуудыг гал зогсоох хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг мөрдөн, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх хязгаарлалтыг цуцлахыг уриалав. Мөн олон улсын хэмжээнд нөлөө бүхий улс орнууд нөхцөл байдлыг намжаахын төлөө бодитой арга хэмжээ авах ёстой гэж онцлов.
Фү Цун “хоёр улсын шийдэл” нь Палестины асуудлыг шийдвэрлэх цорын ганц бодитой зам бөгөөд Газын зурвас болон Баруун эрэг нь Палестин улсын салшгүй хэсэг юм гэж тэмдэглэв. Израиль улс Палестины нутаг дэвсгэрийг хууль бусаар эзэлсэн байдлаа нэн даруй зогсоох ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг Палестины ард түмний хүсэл зоригийг хүндэтгэн, Палестин улсыг аль болох эрт тусгаар тогтнон байгуулахыг дэмжих хэрэгтэй гэжээ.
Фү Цун хэлэхдээ, Хятад улс Палестины ард түмэн үндэсний хууль ёсны эрх ашгаа эдлэхийн төлөө тэмцэж буй шударга үйл хэргийг цаашид тууштай дэмжинэ. Палестины ард түмний зовлон зүдгүүрийг аль болох эрт эцэслүүлж, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин чармайлт гаргана.
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл0