БЭЭЖИН, 2026 оны наймдугаар сарын 13/Kazinform/. Хятад улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, тус улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга асан Жү Рүнжи 98 насандаа Бээжин хотноо таалал төгссөн тухай Синхуа агентлаг мэдээллээ.
Тэрбээр 1998-2003 онд Төрийн зөвлөлийн даргын албан тушаалыг хашсан бөгөөд үүнээс өмнө Төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын Ардын банкны захирлаар ажиллаж байв.
ХКН-ын Төв хороо, БХАТХ-ын Байнгын хороо, БНХАУ-ын Төрийн зөвлөл, Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлөөс хамтран гаргасан эмгэнэлийн бичигт Жү Рүнжи “төрийн нэрт зүтгэлтэн, нам төрийн удирдагч” хэмээн тодорхойлжээ. Мөн эдийн засгийн шинэчлэл, татварын ба санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх, улсын үйлдвэрийн газруудыг шинэчлэх, Хятад улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн байна.
Түүний үйл ажиллагааны гол чиглэл нь эдийн засгийн шинэчлэл байлаа. Тэрбээр улсын үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах, татварын ба санхүүгийн зохицуулалтыг боловсронгуй болгоход оролцсон юм. 1990-ээд оны эхээр инфляцийг тогтоон барих, эдийн засгийн хэт халалтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байв.
Төрийн зөвлөлийн даргын хувиар Жү Рүнжи Азийн эдийн засгийн хямрал ба их үерүүд болох үед эдийн засгийн бодлогыг удирдан хэрэгжүүлж байлаа. Түүний удирдсан засгийн газар дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлсэн нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад тус дөхөм болсон юм.
Төрийн зөвлөлийн даргаар томилогдохоосоо өмнө Жү Рүнжи Шанхай хотын дарга, Шанхай хотын ХКН-ын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энэ үед тус хот Азийн бизнес, санхүүгийн төв болох эхлэл тавигджээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 08 сарын 13,
2026
Сэтгэгдэл2
Хятадын дотоод эмзэг байдлын бодит явдлыг харуулах гол баримтууд: Хүн амын хурдацтай хөгширөлт: Төрөлт эрс буурч, ажиллах хүч хомсдон, тэтгэврийн тогтолцоонд асар их ачаалал ирж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт: Олон жил эдийн засгийг тэтгэсэн барилга, орон сууцны салбар гацаж, хот суурин газруудын санхүүд хүнд цохилт болжээ. Өрийн өндөр дарамт: Орон нутгийн засгийн газрууд болон томоохон компаниуд өрийн сүлжээнд орж, шинээр хөрөнгө оруулалт хийх боломж хумигдсан. Дотоодын хэрэглээ сул: Иргэд орлогоо өсгөхөөс илүүтэйгээр ирээдүйдээ санаа зовж мөнгөө хадгалж байгаа нь эдийн засгийн дотоод өсөлтийг хязгаарлаж байна. Бүрэн төвлөрсөн хатуу хяналт: Улс төрийн шийдвэр гаргалт нэг гарт хэт төвлөрснөөр эдийн засгийн гэнэтийн сорилтод уян хатан хариу үйлдэл үзүүлэх чадвар суларч байна.
Энэ талийгаач Багабандийг Ерөнхийлөгч байхад нь нэг хүлээж аваад “Хийн хоолойг Улаанбаатраар дайруулах бол омжгүй” гэж шууд мэдэгдэж байж билээ.