-Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийг шинэчилж ашиглалтад орууллаа-
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих чадавхыг бэхжүүлэх Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцох үеэрээ Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг ашиглан дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг үүрэг болголоо.
Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагддагийг шийдвэрлэхийн тулд эмийн чанар, хуурамч болон стандарт бус эм үйлдвэрлэл, нийлүүлэлтээр Хянан шалгах түр хороог санаачилж, үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудлыг УИХ -ын гишүүнээр ажиллаж байх үеэсээ хөндөж, анхаарч ирсний үр дүн өнөөдөр бодитоор гарч, лаборатори ашиглалтад орж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирдэг зарим эм чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлчилгээ сул, манай лабораториуд хянаж чадахгүйгээс үйлчлүүлэгч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог нь нууц биш. Цаашид, Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ чанарын шаардлага хангаагүй эмийн эрсдэлээс хамгаалах зорилтыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.
Тус лабораторийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэхийн тулд хүний нөөцийг бэлдэж сургахад өнөөдрөөс анхаарах ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллана гэв.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори бол Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ гэдгийг талууд онцолж байлаа.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байгаа нь хүний амь насанд аюул учруулж байна. Хүчирхэг лаборатори зүгээр нэг барилга байгууламж биш. Чанартай эм нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь эрүүл саруул амьдрал, эдгэрсэн өвчтөн, элэг бүтэн үлдсэн гэр бүлд мэдрэгддэг. Энэхүү лаборатори нь тэр үр нөлөөг баталгаажууллаа. Та бүхэн зөвхөн лаборатори бариагүй. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө үнэт өвийг бүтээлээ” гэлээ.
Лаборатори ашиглалтад орсноор шинжилгээний хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломж бүрдлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэх чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнд хяналт тавина. Иргэд чанартай, аюулгүй, үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдана гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.
Тус лабораторийг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн байгуулж ашиглалтад оруулжээ.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл4
Хэн шинжлэхийм бэ ?! Эм хангамжийхан өөрсдөө шинжлээд л бүх юм " Okey " гэнэ биз дээ !
Учралд хөгжлийн бодлого алга. Дүүргийн дарга л хийх хүн юм бна
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд Байтугай бүтэн арван жил судалж дүн гаргах тийм байгууллага институд Монголд байхгүй. Өөрснөө допингийн шинжилгээ ч хийж чаддаггүйшдээ. Сансарт пуужин хөөргөөдөх гэвэл ухантсаар байгаад хэдэн жилийн дараа хиймэл дагуул хөөргөчих байх шүү. Дэлхийн анхны хиймэл дагуулыг 1957 онд хөөргөсөн болохоор шүү дээ.
Мөн халтуурдах юмаа олов оо??? Химийн шинжлэх ухаан огт ойлгодоггүйгээ харууллаа. Ганц сарын хугацаанд хэдэн аврван мянгаар тоологдож магадгүй эмийг бүгдийг нь шинжлэх юм гэнэ. Тэнэгтэхэд бас ХЯЗГААР бий