sonin.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болж өндөрлөлөө. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Бид өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудлаар мэдээлэл сонсож, зарим асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Эхний асуудал нь Ашигт малтмалын тухай хууль байлаа. Энэ долоо хоногт Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан хоёр долоо хоногийн өмнө Уул уурхайн сайд Г.Дамдиннямын мэдээллийг сонссон.


Харин өнөөдөр уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн холбоодын саналыг сонсож, хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг тал талын байр суурийг тэнцвэртэй харьцуулах үүднээс хэлэлцлээ.


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярцогт Ардчилсан намын дотоод үйл ажиллагаа болон ойрын хугацаанд төлөвлөж буй ажлуудын талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт мэдээлэл өглөө. Хоёр долоо хоногийн өмнө бүлгийн хурлаар батлан хамгаалах салбарт сүүлийн арван жилийн хугацаанд удаа дараа гарч буй хүний амь нас эрсэдсэн, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан үйл явдлуудын талаар хэлэлцсэн. Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар дорвитой, шийдвэртэй арга хэмжээ авахгүй, осол эндэгдэл гарсны дараа улс төрийн хариуцлага тооцох асуудал хангалтгүй байгаагаас нөхцөл байдал ужгирч, даамжирч байна гэж үзэж байна. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Батлан хамгаалахын сайдтай холбоотой улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн.


Уг шаардлагыг өгөөд 14 хонож байгаа ч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй бөгөөд үүнийг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохгүй гэсэн тодорхой байр суурь гэж ойлгож байна. Хэрэв салбарын сайддаа хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн.


Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ардчилсан намын бүлгийн гишүүд болох Б.Жаргалан, С.Очирбат нарын өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонслоо. Өнөөдөр манай улсад төрийн оролцоо хэт нэмэгдэж, эдийн засгийн орон зай хумигдаж, үүний улмаас авлига нэмэгдэж буй нөхцөлд эдийн засгийн эрх чөлөө ус, агаар мэт хэрэгтэй байна. Иргэн, бизнес эрхлэгчид эрх чөлөөтэй байх үед хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт бий болдог. Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлгүүд эхэлсэн. Харин бид зөвхөн бизнесийн хүрээнд бус, өмчөө хамгаалуулахыг хүссэн иргэн, гэрээ хэлцэл, эдийн засгийн харилцааны өргөн хүрээг хамарсан, илүү том агуулгатай Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьж байгааг онцлон хэлмээр байна." гэв.



Т.Төгс