УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, гишүүнээр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ЕТГ-ын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Засгийн газрын ХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Я.Жавхлан, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Батмөнх, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Б.Баасандорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны УЗ-ийн гишүүн З.Сүхбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Шихихутуг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал Б.Нармандах, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн багш С.Сүхчулуун ажиллаж байна.
Ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 02-нд хуралдаж, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийг тохиолдлын журмаар ажлын хэсгийн гишүүдэд тэнцвэртэй хуваарилж, илтгэгч гишүүнийг томиллоо. Илтгэгч гишүүн нь нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээллийг бүрдүүлж, тухайн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг bayarsaikhanb@parliament.mn хаягаар, Төрийн ордны 276 тоотод хүлээн авч байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Лхагва - 06 сарын 03,
2026
Сэтгэгдэл0