Үүлэн чөлөөний нар мандаж буйг ойлгосон Тувагийн үндэсний үзэлтнүүд нь нүүдэлчин малчны амьдрал ахуй, хэл ус, бичиг үсэг, шашин соёл, ёс заншил, унд хоол, хувцас хунар гээд олон талаараа бидэнтэй хүйн холбоотой Монгол тал руугаа нэгдэх хүсэлтэй байсан ч дээд удирдлагад хагарал гарч нь тэдний олонхи нь ард олноосоо сэтгэл урван эхлээд, Оросын Цагаан Хаанд, дараа нь Улаан Орост хандан түүний харьяат болохоор хүсэлт өргөн барьж өнөөгийн замдаа шуударчээ.
Байгалын асар их баялагтай, үзэсгэлэнт сайхан уул ус, тал хөндийд шунасан улаан Оросууд 1919 онд Тува орныг эзлэн авч 1921 онд “Тусгаар тогтносон Ардын бүгд Найрамдах Танну-Тува Улс” гэгчийг байгуулав.
1926 оноос ёс төдий “Бүгд Найрамдах Тува Ард Улс” гэж нэрлэж байгаад 1944 оны сүүлээр Тува тусгаар тогтнолоосоо бүрэн татгалзан зэрэг зиндаа доошлон “Автономит Республик”-ийн статустайгаар Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдэн орж Оросын хоцрогдсон муж болж хамраараа газар шаан унах замдаа эргэлтгүй оржээ.
Тувагийн анхны маркууд нь их л Монголжуу. 1926 онд “Бүгд Найрамдах Тува Ард Улс” гэсэн нэрийг “Бү.На.Та.Ты” гэж монгол бичгээр товчилсон (гэхдээ “Ард” гэдэг үгийн “А” үсгийг мартсан,эсхүл анзаараагүй), тухайн цагт Тувагийн сүлд байсан Буддын шашны хүрд бэлэгдэлийн зурагтай 10 өөр өнгө, мөн 10 өөр үнэ бүхий марк гаргажээ. 1927 онд албан татварын (revenue) марк хэвлүүлэхдээ монгол бичигтэй боловч хүрдний оронд Холбоот Орос Улсын сүлдтэй гаргажээ. Монгол талаа барьдагууд нь хүрдээ шуудангийн марк болгож, Орос талынхан нь орос сүлдээ маркандаа оруулж татварын марк болгон гаргаж ширүүн өрсөлджээ гэж би боддог.
Яг манайхан соёмбо, очирт хоёр маркаа “өрсөлдүүлдэг” шиг. Шуудангийн хэрэгцээний марк дутагдсан тул энэ маркийг 1932 онд «Poşta» тэмдэг дараад шуудангийн гүйлгээнд оруулсан байна. Манайх мөн 1926 оны соёмбот маркаа 1931, 1932 онуудад мөн ингэсэн байдаг нь сонирхолтой.
Мэдээж Москвагаас нэг л бодлого, удирдамжаар л яваад байсан хэрэг. 1927 онд гаргасан 14 маркаас бүрдсэн хоёр дахь багц маркан дээрээ монгол бичгээр товчлон “Мө” (мөнгө), “Тө” (төгрөг) гэж бичээд хоршуулаад орос мөнгөний нэгж копейкийг “К”, рублийг “R” үсгээр товчилж хоёр улсын валютаар зэрэг бичсэн байна.
Бас өөр “Акса”, Көп” (Коп) гэж бичсэн нь ч бий. Дээрхи 14 цуврал марканд Монголоос тусгаар болсон шүү гэдгээ илтгэх мэт хил хязгаараа тодорхойлж зурсан газрын зураг бүхий марк гаргав. Үүгээрээ Тува нь ЗХУ (Орос)-ын захиргаанд бүрэн орсныг харуулах оролдлого, дохио юм гэж ойлгохоор. Газрын зурагтай маркийг зүгээр ч нэг гаргачихдаггүй. Марк бол “Улс төр-Геополитик” мөн гээд байдгийн учир энэ л дээ.
Тувагийн эхэн үеийн дээрхи маркууд нь зураг чимэглэл, хэлбэр хийц тааруухан байсан боловч 1934 оноос эхлэн илт сайжран үндэсний онцлогийг хадгалсан, олон янзын хэлбэр хийцтэй, зураг чимэглэл сайтай, гоёмсог маркууд гаргаж эхэлсэн нь дэлхийн олон орны марк сонирхогчдын шохоорхолыг их татах болжээ. Ийм марк гаргах санаачлагыг Унгарын маркийн нэрт дилер Бэла Секула (Bela Sekula) гаргасан гэж үздэг юм байна. Тэр бээр Зөвлөлтийн эрх баригчдын “тархийг барьж” энэ гоёмсог чамин маркуудыг санааг дэвшүүлэн, бүтээх ажилд идэвхитэй оролцож, дэлхийн зах зээлд зуучлан гаргаж байсан бололтой. Зөвлөлт Холбоот Улс эдгээр гоёмсог маркуудаас их хэмжээний гадаад валют олж байжээ. Бодвол, Улаан Оросууд улс үндэстнийх нь нэр нүүрээр чамин гоё марк хийж их валют олдог ч тэрнээс нь дусал ч олдохгүй болохоор Тувачууд гомдож, “...они «разрабатывались в Москве, печатались в Москве, франкировались в Москве и продавались за границей... зарабатывания твёрдой валюты для Москвы” буюу утгачилвал “...Тэд Москвад бодож боловсруулаад, зураад, Москвад хэвлээд, Москвад тамгалаад, Москвагаас гадагшаа зараад Москвад зориулсан хатуу валют олдог” гэж үг яриа гарч байсан байна. Тува маркийн зураг дүрсээс гадна хэлбэрүүд, ялангуяа тэр алмааз (диамонд) хэлбэрийн маркууд дэлхийн марк сонирхогчдын дунд одоо ч их нэртэй, маш их сонирхол татдаг. 1926-1942 онд нийтдээ 140 орчим Тува марк гараад хаагджээ. Тува орон хэдийгээр Оросын захын нэг хоцрогдсон хязгаар нутаг болж ертөнцийн мухарт мартагдсан ч харин маркууд нь бол одоо ч энэ үндэстнийг даян дэлхийд сануулж байдаг юм. Марк бол түүхийн нэгэн гайхамшигт дурсгал бөлгөө.
Энэ Бэла Секула мөн манай Монгол маркийн бизнест оролцож байсан байж магадгүй гэж би таамагладаг. Хожим манай улс Унгарт маркаа хэвлүүлэхээр шийдсэн нь үүнтэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түүний Тува маркийн бизнес 1938 онд зогсчээ. Ямар шалтгаанаар гэдгийг нь хайгаад мэдээлэл олсонгүй. Бодвол Сталины ид харгислалын үе таарч түүний Чекистүүд гадаадын иргэд байтугай өөрсийнхөндөө итгэхгүй “тагнуул” гээд хядчихаж байсан цаг шүү дээ. Ийм л учраас болов уу, ”гадаадын хөрөнгөтөн-тагнуулууд”, одоогийн хэллэгээр бол “Гадаадын хөрөнгө оруудагчид”-тай ажиллах нь коммунист үзэл сурталд нь харшилсан л болов уу. Тэгээд хөөгөөд явуулсан биз. ( Одоо манайд “тодроод” байгаа “эх орончид” гэгчдийн үг яриа, үйл ажиллагаа санаанд чинь орж байна уу?). Марк бол коммунист үзэл сурталын нэг гол зэвсэг шүү дээ. Тухайн цаг үе нь Дэлхийн 2-р дайны өмнө тул угаасаа хаалттай байсан СССР улам хаалттай орон болж эхэлсэн хэрэг. Яг өнөөдөрийн Орос орон шиг. Түүх давтагдаж байна. Шог юм болж байна.
Энэ “тэмээтэй галт тэрэг” гэдэг их нэртэй марк. “Дүр”-үүдийн сонголт, Diamond хэмээх алмаазан хэлбэр сонирхолтойгоос гадна Тувад хэзээ ч төмөр зам байгаагүй, одоо ч байхгүй нь бас нэг surprise. Саяхан Youtube дээрээс харсан нэг бичлэг дээр 2000-аад оны эхээр төмөр зам тавина гэж дарга сайд нар нь ирж тууз хайчилж, шон босгож марзагнаж байгаад хаяад явчихсныг нутгийн ардууд харамсан гунигтай ярьж байх юм. (Манай дарга сайд нар бас Орос “ах”-аасаа өвлөн авсан энэ “түүхэн уламжлалыг“ дууриайгаад байдаг байх аа. Одоо овоо засарсан шиг байна. Зөв. Хөгжиж л байгаагийн шинж). Мөн энэ диржабал хэмээх агаарын хөвөгчийг сонирхон харж буй морьтон ард бүхий марк эгээ л нэг иймэрхүү тайлбартай юм билээ. Тэр үед байтугай эдүгээ ч Тувачууд хараагүй болов уу. Эдгээр маркуудын ихэнхийг дэлхийд нэрд гарсан Зөвлөлтийн (Орос) маркийн зураач В.В. Завьяалов фото зургаар хийсэн маркуудад нь чимэглэлийг хийсэн гэж үздэг байх.
В.В.Завьялов бас 1932 онд “Гознак”-т хэвлэгдсэн манай “Шинэ амьдрал” маркийг зурсан гэж манай нэрт маркчин-филателист Д.Дашжав гуай “Монгол марк судлахуй” номондоо тэмдэглэгджээ. Гэхдээ нотлох баримт байхгүй юм шиг байна билээ.
Би бол В.В.Завьяловыг зурсан гэдэгт итгэдэггүй. Эдгээр маркуудыг харин Москва хотын “Гознак” үнэт цаасны үйлдвэрийн хэвлэсэн нь бол баталгаатай. Тэр үеийн манай маркуудыг ч мөн энэ үйлдвэрт хэвлэж байсан. Монгол, Тува хоёр улсын 1930, 1940-өөд оны маркууд их төстөй. Би бол эдгээр маркийг нэг хүн, (магадгүй уран бүтээлийн нэг жижиг баг), тухайлбал монгол, эсхүл тува ч юм уу, юутай ч Дорно дахины хүн зурсан гэж үздэг. Хамгийн магадлалтай зураач бол Оросын буриад Сампилов эдгээрийг зурсан, чимэглэлийг хийсэн байх гэж боддог. Энэ зураачийн зурсан “”Уургач” гэдэг 1932 онд “Гознак”-т хэвлэгдсэн Монгол марк бий. Өөр ч зураачийн нэр гарч ирж ч магадгүй. (Манай маркийн түүх, яг манай социалист Монголын үеийн түүхийн нэгэн жижиг хувилбар. Шууд итгэхийн аргагүй).
Марк бүтээх нь нарийн ньанс ихтэй, европ болон бусад чигийн хүмүүс хичнээн авьяастай байгаад ч ийм монголжуу марк зурах нь юу л бол. Харин, “Гознак”-ын Главный художник (Ахлах зураач) байсан В.В.Завьялов эдгээр маркуудын уран сайханы удирдагчаар ажилласан гэвэл, тэр үнэнд ойр сонсогдоно. Судлах ёстой л асуудал байгаа юм.
Гадаадын хөрөнгө оруулагч, мөнөөх алдарт маркийн бизнесмен Бэла Секула-гаа “хөөж” явуулаад, инерцээр нь жоохон мөлхүүлээд өнөө гоё дэлхийд гайхуулж байсан Тува маркийн экспорт унаж, тоох ч хүнгүй болсон юм болов уу даа. Дэлхийн 2-р дайн ид болж байсан 1943 онд зураач гэхэд тун хэцүү В.Демин гэгч Москвагаас “Тувагийн соёл урлагийг хөгжүүлэхээр илгээсэн төлөөлөгч”-өөр томилогдон ирж алдарт Тува маркуудыг гутаасан “Тува марк” гээчийг “матарлаж” ёстой л баллах шиг л болжээ. Үнэхээр, өмнөөс нь харамсмаар. Түүний зурсан гэх, доорхи туйлын болхи зураг хийцтэй эдгээр маркуудыг тэр бээр зурж гар аргаар, сонингийн бор цаасан дээр хэвлэсэн гэнэ. Маркуудыг оёдлын машинаар шүдэлсэн гэсэн тайлбар тус улсын маркийн сайтад байна. Энэ “царай муутууд” сайн эцгийн нэрээр гэлээ гэдэг шиг их эрэлттэй, бас час хийсэн үнэтэй. Маш ховор. Яагаад ийм үнэтэй байдгийн нарийн учрыг мэдэхгүй ч, таамаглахад, “Сайхан юмыг яаж сүйрүүлж, муу муухай болдогийн “сонгодог” жишээ болгодог юм болов уу даа. Эсхүл, тухайн цагт тус улсад хэвлэлийн техник,технологи өндөр хөгжсөн үе байсан. Тийм байтал, Их гүрний “албан ёсны” маркийг гар аргаар хийсэн гэдэг нь л “үнэт” зүйлс болгодог байж болох юм. Гаж үзэгдэл гэдэг утгаараа.
Өнөөдөр энэ марк ebay-д US $99.75 (Approximately £73.67) үнэтэй байна. Монгол төгрөгөөр 349.125.
1944 онд Тува улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон тул тус улсын нэрээр марк дахиж гараагүй болно. Тува гэх улс дэлхийд байтугай Орос дотроо ч жижигхэн, хоцрогдсон хязгаар нутаг боловч дэлхийн маркийн ертөнцөд бол “Super” улс юм. Тува маркууд ховор бөгөөд үнэтэй.
Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ын үед, 1961 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Тува Улс, түүнийг задран унаснаас хойш 1991 онд Оросын Холбооны Улс (ОХУ)-ын “Республика” гэгдэх болов. Нэршил өөрчлөгдсөн ч Тува хоцрогдсон чигээрээ үлдлээ.
ЗХУ болон ОХУ-ын үед Тувагийн тухай цөөн хэдэн марк гарсан. Тэгээд л болох нь тэр. ЗХУ задарсны дараа Оросын Холбооны Улсын үед хөл толгойгоо алдсан энэ нүсэр гүрэнд үндэстний үзэл гаарч Холбооны 80 гаруй субьектүүд “том толгойлон” өөр өөрийн нэрээр марк гаргадаг болсон юм. Одоо Тува, Буриад, Халимаг, Уулын Алтай, Якут-Саха бүгд “марк”-тай болсон. Гэхдээ бөөн бөөн хуурамч маркууд, бөөн будлиан...
Энэ тухай дараагийн нэг өдөр бичье гэж бодож байна.
Түүх охорхон Төвөд маркийн тухай
1911 онд Манж гүрэн мөхөхөд Төвөд улс манай Монголын нэгэн адил “дөнгөнөөсөө” мултарч тусгаар тогтнолоо олж авах боломжтой болжээ. Гэтэл тэдний толгой дээд лам нар тухайн үед туйлын боломжтой хувилбар болох Их Британийн дэмжлэгийг авч тусгаар тогнолоо хамгаалахад бэлдэхийн оронд, элдэв мухар сүсгээ номлож, уул усаа тахин, өргөл барьц өргөж, хоосон ном дүнгэнүүлсээр энэ сайхан завшааныг ашиглаж чадсангүй. Уг нь бол ёстой л нөгөө “Шамбалын дайн”-аа хийх байсан юм биш үү?Залбирал үйлдэж эрх чөлөөөгөө хамгаална гэдэг хэтэрхий мунхаг явдал гэхээс өөр юу ч гэхэв. Үүлэн чөлөөний нар мандаж буйг үл ойлгосон Төвөдүүд ийнхүү үүрд Хятадын захын нэг хоцрогдсон муж, хязгаар нутаг болох хувь тавилангаа сонгожээ.
Төвөдийн анхны маркийг 1903 онд Энэтхэгт гаргахаар оролдсон боловч тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан амжилтгүй болжээ. 1912 онд гарсан Төвөдийн бэлэг тэмдэг болсон цагаан арслангийн зурагтай ногоон өнгөтөй энэ марк бол Засгийн газраас нь албан ёсоор хэвлэн гаргасан анхны марк юм байна. Дараа нь 1914, 1933, 1950-иад онд сүүлчийн марк нь гарсан дээрхи шар өнгөтөй марк гээд маркийн түүх нь дуусаа. Маш богинохон. 1959 онд хятадын коммунистууд Төвөд орныг цэргийн хүчээр эзлэн авахад Далай Лам Энэтхэгт дүрвэн гарсан. Далай Лам болон түүний цагаачлалын Засгийн газрыг санхүүжүүлж туслах зорилгоор Дэлхийн Шуудан Холбооны Байгуулага (Universal Postal Union) 100 жилийн ойгоороо түүнд болон Төвөдөд зориулж Далай Ламын хөрөгтөй 4 номинал нэг багц марк 1972 онд, мөн Төвөдийн Хималайн нуруунд амьдардаг 4 амьтанаас бүрдсэн бас нэг багц маркийг 1974 онд тус тус хэвлэв.
Монгол улс 1994 онд Далай Ламын Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалд зориулж зураач Ц.Цэнгэлийн бүтээлээр нэгэн гоёмсог маркийг хэвлүүлжээ.
Түүнчлэн дэхийн олон орон, түүний дотор Африкийн орнууд голдуу Далай Ламын марк нилээн гаргаж байгаа.
Төвөд орон хэдийгээр манай улстай шууд хиллэдэггүй боловч оюун санааны хувьд монголчуудад маш их нөлөөтөй, бид тэдний шашиныг авсан үндэстэн. Тэгэхээр гадаадын хүмүүс биднийг Төвөдүүдтэй адилтган бодох нь арга ч үгүй биз. Тэгээд хоюуланг нь хамж аваад Хятад улсын маркийн “саванд” чихдэг нь жоохон онцгүй. “The World Encyclopaedia of Stamps & Stamp Collecting “ гэдэг каталогийн 224-225 дугаар хуудсуудад манай Монгол маркийг “Chinese Territory” гэдэг ангилалд Хонгконг, Макао, Тайвайн, Төвөд марктай нэг “саванд” хийчихэж. Энэ каталоги барууны орнуудад их нэр хүндтэй. Их нөлөөтөй! Үүнийг ашигладаг гадаадын сая сая марк сонирхогчид Монголын талаар буруу ойлголттой байгаа нь маргаангүй гэж би бодож байна. Бас харамсаж байна. Монгол Шуудан, маркийн удирдлага үүнийг анхааралдаа авч ажил хэрэг болгох учиртай. Монгол бол Маркийн арвин их өв сантай, үүх түүхтэй тусгаар тогтносон улс билээ.
Тайлбар: Би бээр, “Монгол маркийн далд түүхээс.1924-2024” гэдэг номын форматаа томруулахгүйн тулд нилээн хассан юм. Тэгээд, энэ бүлэгт хасагдсан байсан текстүүдээ нэмж оруулаад бүтнээр нь нийтлэж байна. Номон дээрхи бичвэрээс нилээн нэмэгдсэн буй.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Мягмар - 07 сарын 21,
2026

Сэтгэгдэл1
Монгол Шуудан, маркийн удирдлага үүнийг анхааралдаа авч ажил хэрэг болгох учиртай. Монгол бол Маркийн арвин их өв сантай, үүх түүхтэй тусгаар тогтносон улс билээ.