1918 онд Монголд гурав дахиа орж ирсэн Жа лам эртний танил Жалханз хутагт Дамдинбазар, Манлай баатар Дамдинсүрэн, Сайд Гончигдамба нартай Улиастайд уулзаж, Мөнжүүгээр дайран Засагт хан аймгийн нутгаар урагшилсаар Ёст бэйс Мишиг гүнгийн хошуунд ирсэн. Жалчин бэйс түүнд зориулан гэр өргөө барьж, түмэн олон мал хөрөнгө өргөснөөр Жа лам хоромхон зуурт чинээлэгдүү нэгэн болжээ. Тэрээр зарим шавь харьяатуудаа дагуулан Захуйн говь, Нарийн тоорой, Аж богд, Үенч, Шинжаанаар нутаг харж явсаар Мазуньшань (Морин дэл уул) уулын ард очиж хэрэм хамгаалалт барин аж төрөх болжээ.
Жа лам 1910 оны үед Баруун Монголд ирэх үеэр Ойрдын Амарсанаа баатрын тав дахь үеийн жич хүү Лувсандамбийжанцан хойт зүгээс ирлээ гэсэн сураг дуулиан тархжээ. Манжид шахагдсан Амарсанаа хойш зугтахдаа “Би эргэж ирнэ гээд явсан. Одоо ирлээ” хэмээн ойрадууд түүнийг угтан хүрээлжээ.
Тэрээр Түвэдэд 5, Энэтхэгт 8, Манжид 5 жил тус тус амьдарч, Оросын шоронд 4 жил шахам болж, бусад үед нь Баруун монгол, Хөх нуур, Цайдам, Өрөмч, Ил тарвагатайн монголчуудын дунд амьдарч байжээ.
Дилав хутагт, Богд гэгээнтэй биеэр уулзсан, Оросын хорооноос зэвсэг авч монгол цэргийг зэвсэглэсэн, хасгийн дээрэмчдийг дарах, хөөн явуулахад онцгой нөлөө үзүүлсэн, Ховд руу ирж явсан хятад цэргийг Засагт ханы нутгаас цэрэг дайчилж Хайлаастын даваанд бут цохиж буцаан гаргасан, тэр даваандаа Цогтбаатар хайрхан нэр өргөмжилсөн, Манлай баатар Дамдинсүрэн, Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав нартай хамтарч Ховдыг чөлөөлж манж амбаныг хөөн явуулсан, Богд хаанаас Ховдыг чөлөөлөхийн өмнө “Догшин баатар” цол, чөлөөлсний дараа “Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хаан, ноён хутагт”-ын тамга гардаж, цол хүртсэн, Баруун хязгаарын засаг, цэргийн захирагчаар томилогдсон, Мөнжүүд хүрээ хийд байгуулан шавийн хошуу байгуулсан, хүний санаа бодлыг нүд рүү нь хараад мэддэг, догшин Махгал тахидаг, чойжин сахиус буулгадаг, гүртэнбэ лам гэх зэргээр ихээхэн нэр нөлөөтэй нэгэн байжээ.
Гавлын ясан аягатай, хүний арьсан туламтай, зүрхэн тахилгатай, цусан өргөлтэй, хэрцгий догшин авиртай, харгис хатуу нэгэн байсан гэж яригдаж бичсэн нь их.
Оросын Засгийн газрын даалгаврыг огоорсон тул тэдэндээ баригдан Якутад цөлөгдсөн, Орост октябрийн хувьсгал гарах үеэр ялаас сугарсан, шилдэг удирдагчтай хөрөнгөтний засгийг мөрөөддөг, Монгол, Хятад алиных нь ч улс төрийн байдал таашаагдаагүй тул суурьших нутаг хайсаар өвс ургамал тэгш, бэлчээр арвин, ан амьтан ихтэй эзэнгүй, завсрын нутаг болох Мазуншанийг сонгосон, Алшаа, Эзнээгийн захиргаанаас зөвшөөрөл авч нутагласан гээд ээдрээ зөрөө ихтэй, домог мэт түүхтэй хүн юм. Жа ламыг Мазуншаньд 70 гаруй өрх толгойлон очиж суурьших үед монголын зах хязгаар нутгийн ард түмэн хятадын мөнгө хүүллээс өрд ихээр унаж, эд бараагаар гачигдаж, алба гувчуурт туйлдаж, хасгийн дээрэм тонуул, алаан хядаанд өртөх нь ихэсч, аврал энэрэл эрсэн улсууд нэн олон байжээ.
Засагт ханыхантай нутгийн зах нийлэн суусан Жа ламыг шавь нар нь бөөн бөөнөөрөө дагаж, зарим нь газар нутагтайгаа “өргөгдөж” эхлэв.
Эхлээд Засагт хан аймгийн Сүжигт гүн Цэрэнчагдаржавын хошуунаас гэлэн Самбуу, тайж Норов, Чимэдванбуу нарын есөн өрх, 41 хүнийг ихээхэн газар нутагтай нь, Дайчин ван Жалчингомбодоржийн хошуунаас тайж Батхүү, тойн Жамъян, гэлэн Сүрэн, Чойндон, ард Ерэнтэй зэрэг 12 өрх, 60 шахам хүн, Жонон ван Жалчиндалайнамжилвандуйдоржийн хошуунаас тайж Дэмбэрэл, ард Хялгар нарын 12 өрх, 45 хүн мөн ихээхэн газар нутагтайгаа “өргөгдсөн” гэх мэтээр Жа ламд шавь бологсод цуварч эхлэв.
Засагт хан аймгийн Жамбий гүний харьяат 30 гаруй өрх айл Даашинхүүгийн пүүсийн мөнгө хүүлэл, нутгийн феодалуудын алба гувчуураас зугатааж Бадаргуулт төрийн 27-28 (1901-1902) онд ойж дүрвэн Мазуншаньд анх нутаглаж эхэлсэн. Тэдний араас уван цуван нүүж дүрвэн Мазуншаньд очсон эзэн харьяалалгүй монголчууд Жа ламыг очих үед нилээд хөрөнгөжиж, хэдэн зуун өрх айл болсон байв. Тэдний дийлэнх олонхи нь Жа ламын шавь, харьяат болцгоожээ.
Засагт хан аймгийн Ёст бэйс Мишигдоржийн хошуу хотлоороо Жа ламд шавь оров.
Энэ хошуу нь багагүй газар нутагтай, 1918 оны тоогоор 535 өрх, 2249 хүн ам, 70321 толгой малтай, говь нутагтаа дунд зэрэгт орох, ерөнхийдөө ядуувтар хошуу байв. Жа ламын суурьшиж байсан Мазуншань уул, түүний арын Хар говь нь Ёст бэйсийн хошуутай хил залгаа, харьяат иргэд, шавь нар ирж, очдог харилцаатай байжээ. Ёст бэйс Мишигдорж 1912 онд 13 насандаа Засаг ноёнд өргөмжлөгдсөн залуу ноён байв.
Жа ламын шавь, харьяат болж нутагтаа суугаа нэг хэсэг байхад, дагаж дүрвэж хил давсан нь бас цөөнгүй. Жа ламын нутаг орон тусгаарлах байдал нь Монгол улсын эрх ашигт ноцтойгоор харшилсан учир Монголын төр шуурхай шийдвэртэй арга хэмжээ авахад хүрчээ.
Жа ламыг Ардын засгийнхан хороосон учир түүнийг дагаж дүрвэгсэд, шавь нарын нэлээд хэсэг нь Монгол руу буцахаас айж, Ганьсу мужийн Субэй Сянь(сум)-д харьяалагдах Мазуншань-ий Гүн Пү Чүён (Гон фо шан) орчмоор нутаглаж байгаад 1930 оноос бага багаар урагшилсаар одоогийн Жаньеэ хотын баруун өмнөх Сунань Сянь-ий Дүнгэ Ню Мао (Их лхамчиг), Си Ню Мао (Бага лхамчиг) ууланд хүрч суурьшжээ. Жанеэ хотын хойт Алаг уул, Улаан булаг тосгонд ч суурьшин сууцгаасан байна. Тэднийг Хятад дахь Баруун цастын халхчууд гэнэ. Зарим нь Жанеэгийн халхчууд хэмээн нэрлэдэг.
Эх сурвалж: Б.Галаарид, Д.Дүгэрсүрэн, В.Түвшинтогтох, Э.Бишрэлт. Ред. Ц.Минжин. Говь-Алтай нэвтэрхий толь. Улаангбаатар, 2023. тал.202-203.
Ням - 05 сарын 03,
2026
Сэтгэгдэл2
Зарим талаар баатар хүн шиг амьдарсан боловч, улаан оросын дцргүйг хүргэсэн хүн байх. Монголоос газар нутаг тасдаж урваж дагасан хүмүүсийг шитгэж чадаагүй байна. Газар нутаг алдсан бурууг хүлээх төр алга. Үнэндээ бол Монголын төрд байсан ардын намынхан газар нутаг алдсан бурууг үүрэх ёстой.
Ухнагийн Хүрэлсүх тэргүүтэй нөхөд Монголын газар нутгийг олж ирэх ажил огт хийхгүй, зөвхөн идэж уудаг гахай шиг амьдарч байна.