Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Азийн тэргүүлэгч Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Тогтвортой хөгжлийн форумд оролцож илтгэл тавьсан. Форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томилж, батламж гардууллаа.
Энэхүү хороо нь дэлхийн бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөллөөс бүрддэг бөгөөд тогтвортой хөгжлийн чиглэлээр стратегийн зөвлөмж өгдөг бүтэц юм.
Тухайлбал, тус зөвлөхүүдийн хороонд Данийн Ерөнхий сайд асан Хелле Торнинг-Шмидт, Австрийн Ерөнхийлөгч асан Хайнц Фишер, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Ирина Бокова, Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц, АНУ-ын Dow Chemical компанийн ТУЗ-ийн дарга асан Эндрю Ливерис, Giti Group-ийн дэд захирал Чери Нурсалим, Royal DSM компанийн хүндэт дарга Фейке Сийбесма зэрэг дэлхийд нэр хүндтэй улстөрч, эдийн засагч, бодлого тодорхойлогчид багтдаг байна.
Энэхүү нэр хүндтэй эрхмүүдийг эгнээндээ багтаасан олон улсын зөвлөхүүдийн хороонд Монголын төлөөлөл болгон Н.Энхбаярыг багтааж буй нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулах хувь нэмрийг олон улсын түвшинд үнэлж буйн илэрхийлэл гэж ажиглагчид үзэж байна.
14 дэх удаагаа зохион байгуулагдсан энэхүү форумыг Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулж, зарим улс орнуудын удирдагч, төр нийгмийн зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан илтгэл хэлэлцүүлдэг уламжлалтай. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр илтгэлдээ Монгол Улс тогтвортой хөгжлийг хангахын тулд технологийн инноваци, аж үйлдвэрийн хөгжилд анхаарч, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн бүтцээ сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байна. Мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилга, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, ялангуяа Говийн бүсийн цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж байв.
Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын салбарт илүү гүнзгийрүүлэх боломжтойг онцолж, их, дээд сургуулиуд инноваци, мэдлэгийн солилцоог дэмжихэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Дашрамд дурдахад Цинхуа их сургууль нь Азийн их сургуулиудаас чансаагараа тогтмол нэгдүгээрт бичигдэх болсон бөгөөд дэлхийн их сургуулиудын эрэмбээр тогтмол 10-20 дугаар бичигдэх болсон. Тус сургуулийн амжилтын цөм буюу хамгийн гол давуу тал нь хиймэл оюун ухаан, инженер, байгалийн шинжлэлийн салбарт тасралтгүй тэргүүлж байгаа нэр хүнд гэж хэлж болно.
Б.НАНДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл1
Gadaad.dotoodiin ih surguuli tugssen olon shan zaluuchuud bhd Enhbayr bhda yahavde.Heden hun tsugluulj MANd egsen n tiim gaviya uomuu .Bolioch hugshin zuneg evgen shunal n diildehgui uom.MAN han bol 1 toirog .buleg hulgaichuud l eeljeer darga aan.Naad zunegee gert suulga