БЕЙРУТ, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /Xinhua/. Үргэлжилсээр буй зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохоор бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа бөгөөд үндэсний эв нэгдлийг хамгаалж, улс орноо сэргээн босгох шаардлагатай байна гэж Ливаны Ерөнхий сайд Наваф Салам ням гарагт мэдэгдсэнийг тус улсын Үндэсний мэдээллийн агентлаг уламжилжээ. 1975 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Ливанд иргэний дайн дэгдсэний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр үг хэлэхдээ тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.
"Бидний зорилго бол иргэний дайны галыг дахин дүрэлзүүлэхгүй байх төдийгүй бүх нийтийн төлөөх шударга, хүчирхэг, нэгдмэл улсыг цогцлоон байгуулах явдал юм" хэмээн Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна.
Мөн Таифын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг дурдаад, уг баримт бичгийн үзэл санаа, заалтыг зөрчсөн аливаа алдаа дутагдлыг засаж залруулахыг уриалжээ. 1989 онд Саудын Арабт баталсан Таифын хэлэлцээрээр Ливанд 15 жил үргэлжилсэн иргэний дайныг эцэс болгож, тус улсын өмнөд хэсэгт Засгийн газрын хяналтыг эргүүлэн тогтоосон байна.
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш анх удаа буюу энэ оны гуравдугаар сарын 2-нд “Хезболла” бүлэглэл Ливаны өмнөд хэсгээс Израил руу пуужин харваснаар АНУ, Израил болон Ираны хоорондын мөргөлдөөнд татагдан орсон юм.
Үүний хариуд Израилын тал Ливаны хэд хэдэн бүс нутагт цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байна. Иран, АНУ өнгөрсөн лхагва гарагт гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Израилын тал уг хэлэлцээрийг дагаж мөрдөхөө мэдэгдсэн боловч энэ нь Ливанд хамаарахгүй гэж мэдэгдсэн байна. Харин Иран болон зуучлагч Пакистан улс Израилын энэхүү байр суурийг буруушаажээ. Ливаны Эрүүл мэндийн яаралтай тусламжийн төвөөс ням гарагт мэдээлснээр, гуравдугаар сарын 2-ноос хойш Израилын цэргийн дайралтад өртөн 2055 хүн амиа алдаж, 6588 хүн шархадсан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
ливан дотроо иргэний дайн хийпэг нь яаж байгаа юм болдоо хийх юм олдоггүй юм байх паа