“Монголын нууц товчоон” бичигдэж өнөөг хүрч ирсэн өнгөрсөн найман зуун жилийн урт цаг хугацаанд түүнтэй холбоотой бичигдсэн хятад хэлээрх ном судар, эх бичиг, судалгааны бүтээл маш их байдаг. Арга ч үгүй, бүхэн бүтэн найман зууны тухай ярьж байгаа болохоор тийм байлгүй яахав.
Энэ түүхэн урт цаг хугацааны туршид манай өмнөд хөрш Хятад улсад “МНТ-той холбоотой бичигдсэн бүхий л ном судар, судалгааны бүтээлийг үндсэнд нь дөрөв ангилж авч үзэх нь хамгийн оновчтой, хялбар тодорхой байж болох байна. Үүнд:
- МНТ-ны эртний бар хэвлэлүүд,
- Эртний гар бичмэлүүд,
- МНТ судлалын эртний ном судрууд,
- Орчин үеийн буюу шинжлэх ухаанч судалгааны бүтээлүүд зэрэг болно.
Үүнээс 1,2 дахийг нь хамтатгаад дотор нь дэд ангилан авч үзэж болох юм. Учир нь МНТ чухам ийм хоёр арга, хэлбэрээр уламжлагдан өнөөг хүрч ирсэн байдаг. Дахин хэлэхэд, бар хэвлэлээр ба гар бичмэлээр. Бидэнд мэдэгдэж буйгаар, МНТ-г хамгийн анх 1368-1389 оны хооронд Бээжинд барлан хэвлэсэн гэж нийтлэг үздэг тэр бар хэвлэлийн эх, мөн арай хожуу 1403-1408 оны хооронд Хятадын Мин улсын хааны зарлигаар эмхэтгэн барлаж хэвлэсэн “Юнлө-гийн их нэвтэрхий толь”-д оруулан барлаж хэвлэсэн тэр хэвлэлийн уламжлагдаж ирсэн хувь хуулбарууд байдаг. Энэ хоёр бол бодит түүхэн баримттай зүйл. Түүнээс өмнө буюу Монголын Юань улсын үед МНТ-г барлан хэвлэж байсан гэсэн үзэл таамаглал байдаг ч, өнөө хэр нь ийм баримт сэлт алга.
Онолын хувьд бүрэн байж болох зүйл. МНТ-г анхдагч хэлбэрээрээ 1228 онд бичигдсэн гэж үзвэл түүнээс хойш 1368 оныг хүртэлх 140 жилийн урт цаг хугацаанд, дэлхийн эзэнт гүрэн байгуулсан хүчирхэг Их Монгол Улсын үед ч тэр, хөгжингүй, ялангуяа ном хэвлэл ихээхэн хөгжсөн байсан Хятад орныг эзлэн эрхшээсэн Монголын Юань улсын 100 шахам жилийн хугацаанд ч тэр, МНТ-г барлан хэвлэж байгаагүй гэх нь онолын хувь ч тэр, бодит байдал дээр ч тэр, байж боломгүй юм аа. Тэгээд ч Хятадын нэрт эрдэмтэн Ван Гүөвэй, Өвөр Монголын эрдэмтэн Баяр нарын зэрэг МНТ судлалын цолгорсон судлаачид Юаний үеийн МНТ-ны бар хэвлэлийн тухай дурдсан байдаг. Түүнчлэн 1933 онд Бээжин дэх Хааны ордны номын сангийн архиваас МНТ-ны 41 тасархай хуудас олдсоныг нэг хэсэг Юаний үеийн бар хэвлэл мөн гэж үзэж байгаад сүүлд нь дээр дэрдсан Юаний дараах Мин төрийн эхэн үеийн бар хэвлэл гэх болсон байдаг.
Миний гарт Өвөр Монголын судлаач Сарангоогийн хэвлүүлсэн “Нууц хадгаламж ба ил туурвихуйн ёсон: Түвдийн Ари орны Туулин хийдээс олдсон “Монголын нууц товчоон”-ы нэгэн хувилбар эхийн судлал” нэртэй маш сонирхолтой ном байна. 2021 онд Хөххотноо хэвлэгдсэн энэ бүтээлд Түвдийн Ари орны Туулин хийдээс олдсон “Монголын нууц товчоон”-ы худам монгол хэл бичгээрх эх хувилбарын тухай өгүүлж байна. Др.Сарангоо нь Бээжин дэх Хятадын Улсын Номын сангийн хуучин номын сангийн ажилтан бөгөөд 2009 онд томилолтоор Түвдэд ажиллах үеэр нь тэндэхийн архивын ажилтан түүнд монгол дармал бичигтэй ганц хуудас өгч үзүүлсэн нь МНТ-ны эртний монгол эхийн бар хэвлэлийн тасархай байжээ.
Сарангоог Бээжинд буцсанаас нь хойш түүнд дахин таван тасархай хуудсыг нэмж ирүүлсэн бөгөөд, тэрээр “Монголын нууц товчоон” судлалын нэрт эрдэмтэн др.Улааны хамтаар судалж, 2010 онд МНТ-ны худам монгол эх болох тухай нь нийтэд мэдээлжээ. Энэ бол МНТ судлалд гарсан нэгэн гайхалтай сайхан үйл явдал байлаа. Энэ тухайгаа тэрээр номондоо бичихдээ: “Монгол түүх, ном судлаачид эртний үлдэгдлийн байцаалт малтлагаар Олон сүмээс илрүүлсэн бичиг шиг түүхэн ном хуудсыг олонтаа олж илрүүлэхийг хүссээр ирсэн юм” гэж өөрийнхөө болоод бүх эрдэмтэн судлаачдын туйлын хүсэл эрмэлзлийг өгүүлсэн нь хэрэг дээрээ “энэхүү туйлын хүсэл мөрөөдөлд би хүрч чадлаа” гэсэн илгээлт болжээ. Үнэхээр ч олон орны Монгол судлаач, МНТ судлаач эрдэмтэд тэр даруйдаа др.Сарангоо болон түүний багийн нөхөдтэй холбогдон гайхамшигт нээлтэд нь баяр хүргэж, хувь хуулбар даруйхан илгээхийг хүсч байсан нь ёстой л судлаач хүний таашаал бахархал, сэтгэл ханамжийн баталгаа буй заа. Др.Сарангоогийн үзсэнээр өнөөдөр дэлхий дээр МНТ-ны худам монгол бичгээрх эх хувилбар нийт 3 байна. Тийм ээ, худам монгол бичгээр буй эртний гар бичмэл, бар хэвлэлийн үлдэгдэл гэсэн үг. Эдгээр нь алин гэхүл
- ”Лу.Алтан товч”,
- Өвөр Монголын Олон сүмээс олдсон МНТ-ны тасархай хоёр хуудас,
- Энэхүү Түвдийн Туулин хийдээс олдсон МНТ-ны 13 тасархай хуудас болно.
1.”Лу.Алтан товч”. 1926 онд Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга асан О.Жамьян гүн хуучны Халхын Сэцэн хан аймгийн Санбэйсийн хошуу, өнөөгийн Дорнод аймгийн Баянтүмэн сумын еншөөв тайж Дарь хэмээх номтой хүнээс олж авсан нь өнөөдөр бидэнд мэдэгдэж байгаа МНТ-ны хамгийн ойрын худам монгол эх хувилбар болно. “Лу.Алтан товч”-ийн тухай манайхан сайн мэдэх тул энд дэлгэрүүлж дурдахгүй.
2.Өвөр Монголын Улаанцав аймгийн Дархан-Муумянган хошуунд орших эртний хот бол бүр Зүрчидийн Алтан улсын үед хамаарах ба Юань улсын үед өргөжин тэлж, хожим нь үе үеийн монгол ван ноёдын өргөө ордон байсаар, Бурхны шашны томоохон сүм хийд цогцолсон газар ажээ. 1927 оноос хойш Хятад-Шведийн, бас Америкийн нэрт монголч, хятадач эрдэмтэн О.Латтимор зэрэг судлаачдын олон удаагийн хамтарсан малтлагаар тэндээс худам монгол бичигтэй нийтдээ 200 гаруй тасархай хуудас олдож, Япон, Герман, Хятад гээд олон орны эрдэмтэд судалж тэдгээрийг 15-17 дугаар зууны эхэн цаг үед хамаарах Буддын шашны холбогдолтой ном судрын хэсгүүд мөн гэж үзсэн байдаг. Харин 2006 онд Өвөр Монголын судлаач др.Мөнххүү Германы нэрт монголч эрдэмтэн В.Хайссигийн хэвлүүлсэн “Өвөр Монголын Олон сүмийн монгол гар бичээсийн судалгаа” номонд орсон тасархай 2 хуудсыг нарийвчлан судлаад МНТ-ны урьд өмнө мэдэгдээгүй нэг хувь эх болохыг тогтоожээ. Энэ бол МНТ судлалын түүхэнд мөн алтан үсгээр тэмдэглүүштэй цоо шинэ нээлт байлаа. Нарийвчилсан судалгаагаар уг тасархай хоёр хуудас нь 1628 оноос өмнө 15-16-р зуунд хамаарах бар хэвлэл болохыг тогтоосон юм. Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв.
3.Түвдийн Ари орны Туулин хийдээс олдсон МНТ-ны энэ эх хувилбарын талаар др.Сарангоогийн судалгааны үр дүнгээс үзвэл эдгээр 13 хуудас нь МНТ-ны 90-120 дугаар зүйлд хамаарах бөгөөд Тэмүүжин найман шаргаа хулгайд алдаад хайн явахдаа Боорчитой тааралдан нөхөрлөсөн ба, Мэргидэд олзлогдсон Бөртэ үжин хатнаа буцааж авахаар Ван хаан, Жамуха нартай Мэргидийг дайлсан үйл явдлыг өгүүлсэн хэсгүүд ажээ. МНТ-ны худам монгол эхийн нэг хувилбар болох эдгээр тасархай хуудасны цаадахь бар хэвлэлийн бүтээгдсэн цаг үеийг тэрээр дөрвөн янзаар таамаглан авч үзжээ.
Нэгт, Өгөдэй хааны үед буюу түүний хүү Хүдэн хунтайж Түвдэд айлчилж, Түвдийн тэргүүн саж лам Гунгаалжалцанд бараалхан Түвдтэй харилцаа тогтоосон 1247 оны үед,
хоёрт, Хубилай хаан тулгар байгуулсан Монголын Юань улсын харьяанд Түвдийг нэгтгэн авч,тэнд засаг захиргаа байгуулснаар хааны ордонд “хаш чулуун өргөөнд алтан авдарт хадгалагдаж байдаг “Товчоон” нэрт нууц ариун шүтээнээс хувь хуулбар барлуулан бүтээлгэж Лхаст хүргэснээр Түвдийн бурхны шашин Монголын Юань улсын төрийн шашин болсон 13-14-р зууны үед, гуравт, Монгол оронд Бурхны шашин дахинтаа дэлгэрч Монгол-Түвдийн харилцаа холбоо нэн идэвхжсэн 16-17-р зууны зааг үед ордны далд нууцлагдмал байдлаас гарч ард олны дунд хүрч тархаж байсан эх хувилбар хувь иргэнээр дамжин хүрсэн, дөрөвт, ойрад, хошууд монголчууд Түвдэд ноёрхож байсан 17-18-р зууны үед тэдгээр монголчуудын дунд уламжлагдан хадгалагдаж байгаад тэндээ үлдсэн гэсэн маш сонирхолтой таамаглалуудыг дэвшүүлжээ.
“Ийнхүү др.Сарангоогийн олж илрүүлсэн МНТ-ны худам монгол эх хувилбар нь МНТ судлалд нэгэн шинэ судалгааны талбар бий болгож, МНТ судлалыг цоо шинэ цусаар сэлбэлээ” гэж Хятадын болон гадаадын эрдэмтэд дүгнэн үнэлж байгаа нь зүй ёсны хэрэг билээ.
Др.Сарангоо МНТ-ны худам монгол эртний эх хувилбар гэж дээрх гурвыг дурдсан энэ үзэл дүгнэлт зөвхөн энэ гурваар ч дуусахгүй байж болох юм.
Тэрээр нэмж “Хураангуй Алтан товч”, “Асрагч нэртийн түүх”-ийг дурдсан. Дээр нь бас МНТ-ноос их, бага хэмжээгээр хуулсан, ашигласан олон судар бийг дурдахын зэрэгцээ, др.Сарангоогийн дээрх үзэл, таамаглалууд эрдэмтэн судлаач хэний ч болов хорхойг асааж, сонирхол анхаарлыг өдөөн дуудаж байгааг хэлэхийн хамт, манай шинэ залуу үеийн судлаачид маань бас ийм огшоосон оргилуун ололт, нээлт хийгээсэй билээ хэмээн сэтгэлийн гүнд хүсэн харж явдгаа уудлах нь зүйтэй биз ээ. Түвдэд барлан хэвлэгдсэн энэ нэгэн хувь МНТ-ны худам монгол хувилбар энэ жилүүдэд олон улсын эрдэмтдийн судалгааны эргэлтэд орж идэвхтэй судлагдаж байгаа бөгөөд, энэ нь Их Монгол Улс болоод Монголын Юань улсын үед МНТ-г яс тас хав дараад байсан юм биш, түүх бичлэгт дурдсанчлан тэр үеийн их нийслэл Дайду-Хаанбалгас буюу өнөөгийн Бээжин дэх Монголын их хааны ордонд “чулуун өргөөнөө алтан авдарт” чандлан хадгалж, эрхэм надин шүтээн болгож, зөвхөн хааны угсааны дээдэс язгууртнууд л тольдон үзэж байсан гэх тэр 140 жилийн урт цаг хугацааны аль нэгтээд түүнийг зориудаар болоод тохиолдлоор гадагш гаргасан байх нь тун магадтай.
Тийм ч учраас “Юань улсын судар” зэрэг тэр үеийн түүх бичлэгт тэмдэглэн бичсэнчлэн “Товчоон-ыг авч үзэж ашиглахыг хүсч хаанаас соёрхол хүсч, хаан бээр зөвшөөрсөн ч Төрийн сайд чинсан, Судар бичгийн хүрээлэнгийн захирал Ташихай, Яабуха нар “Товчооныг гадагш гаргаж бусад хүнд үзүүлж болохгүй гэсэн хатуу хоригтой тул хэрхэвч гаргаж үл болно хэмээн гаргаж үзүүлсэнгүй”, “Товчооныг гадагш гаргаж бусдад үзүүлж болохгүй гэсэн хатуу хоригийг зөрчиж авч үзсэн тул түүнийг хаан бээр хатуу зэмлэн буруушааж, албан тушаал бууруулан, ажлаас нь халж шийтгэв” гэх мэт тухайн цаг үеүдэд болж өнгөрсөн бодит үнэнийг тэмдэглэн бичсэн зүйлс үүнийг гэрчилнэ. Зориудаар болоод тохиолдлоор гэдэг нь бас учиртай.
Зориудаар гэхийн тухайд бол Өвөр Монголын судлаач др.Баярын үзсэнчлэн, эх хэл бичгээ умартан хөндийрч, хятад хэл бичигт цагааширсан хожуу үеийн хаад вангууд, хатад гүнж зэрэг язгууртнуудад баатарлаг өвөг дээдсийнх нь намтар цадиг, гавьяат үйлсийг нь мэдүүлэхийн төлөөнөө түүнийг хятад ханз үсгээр монгол хэлээр авиачлан буулгаж үзүүлж байсан байх тун магадтай.
Бас др.Сарангоогийн дэвшүүлсэн таамаглалуудад дурдсан байдлуудаар янз бүрийн цаг үед, янз бүрийн арга замаар тархсан байж болно оо. Ийм нөхцөлд мөнөөх чулуун өргөөнөө, алтан авдарт хадгалагдаж байдаг шүтээнийг байн байн гарган ирж үздэг байсан нь юу л бол, харин түүнийг гар дамжуулан үзэж уншихын тулд гар бичмэлээр хуулан авч, улмаар нэгмөсөн цөөн хувь барлан хэвлэж хэрэглэх болсон байх бүрэн магадтай. Нэгдэх таамаглал энэ.
Хоёрдахь, бүр бодитой таамаглал гэх үү, бодит баримт гэх үү, мэдээ сурвалж бол Ил хаант улсын их Шадар сайд, Монгол хааны ордны түүхч сударч асан Рашид-ад-Диний туурвисан “Судрын чуулган” хэмээх алдарт бүтээлд цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр арилшгүй бичиж үлдээсэн зүйл болой. Тэр бол хааны ордны номын санд аанай л далдын далд хадгалагдаж, алтан ургийн биш хүнд огт үзүүлэлгүй чандлан хадгалж, дээдлэн шүтэж байсан “Алтан дэвтэр” хэмээх шүтээн түүх юм. Хубилай хааны үед МНТ-г цөөн хэдэн хувь барлуулан алт эрдэнэсээр хэвлэж Цагаадайн улс, Алтан ордны улс, Ил хаант улсад тус тус хүргүүлсэн гэж үздэгийн нэг нь энэ байсан байх аа.
Гуравдахь бүр тодорхой мэдээ бүхий түүхэн эх баримт бол Хятад-Монгол толь бичиг хийхийг зарлигдсан Мин төрийн анхны эзэн хаан Жу Юаньжаны зарлиг дахь үг юм. Зарлигт “Юань төрийн нууц түүх(Монголын нууц товчооныг хэлж байна)-ийг авчран үзэж, үг үсэг, авиа дуудлагыг нь дүйлгэн тааруулав” гэж бий. Уг зарлигийг гаргасан 1382 онд хааны ордонд МНТ хадгалагдаж байсныг энэ мэдээ гэрчилж байна. Тогоонтөмөр хаан тэргүүтэй Монголын Юань улсыг мөхөөсөн Мингийн төр Бээжин дэх Монголын хааны ордныг өвлөн авсан нь ойлгомжтой. Тэнд МНТ байсан нь энэ зарлигаас ойлгогдож байна. Харин энэ МНТ нь уйгаржин монголоор бичигдсэн эх байв уу, эсвэл өнөө бидэнд өвлөгдөж ирсэн монгол хэлээр хятад ханз үсгээрх тэр МНТ байв уу? гэдгийг тогтоох шаардлагатай.
Хэрэв уйгаржин монгол хэл бичгээр бичигдсэн МНТ байсан бол тэр нь бүр эртний буюу өнөөх “чулуун өргөөнөө алтан авдарт хадгалагдаж байсан” ариун шүтээн МНТ байж таарна.
Хэрэв бас монгол хэлээр хятад ханз үсгээр бичигдсэн МНТ байсан бол Өвөр Монголын судлаач др.Баярын үзсэнчлэн 1320-иод оны үед Аюурбарвад Буянт хааны тушаалаар эх хэл бичгээ умартан хятад хэл бичигт цагааширсан алтан ургийн язгууртнуудад үзүүлэхээр монгол хэлээр хятад ханз үсгээр буулгасан тэр МНТ байж таарна. Өнөөдөр ихэнх судлаачид Жу Юаньжаны 1382 оны тэр зарлигийг үндэслэн, 1368 онд Монголын ноёрхол төгсч монголчууд эх нутагтаа буцахад буцалгүй үлдэн Мингийн хааны ордонд шилжин ажилласан монгол хүмүүс болох Хүө Юаньзье, Маш-Их нар МНТ-ны бүх монгол үгийг хятад ханз үсгээр авиачлан буулгасан, бас хятадаар орчуулсан гэж үздэг юм. Мингийн хааны зарлиг дахь дээрх мэдээг өөрөөр хүлээж авдаг гэсэн үг л дээ. Шуудхан хэлэхэд, 1382 оноос өмнө МНТ хятадаар орчуулагдаагүй, монгол хэлээр хятад ханз үсгээр галиглагдаагүй, толь хийх үед зэрэгцэн хийсэн гэж үзэж байгаа хэрэг. Мингийн үеийн мөнөөх “Юнлө-гийн их нэвтэрхий толь” бол тухайн цагаас өмнөх бүхий л цаг үед бичигдсэн бүх ном судраас хамгийн чухал гэгдсэн 22 мянган шилдэг, сонгодог ном судруудыг сонгон авч эмхлэн жагсааж барлан хэвлэсэн Хятадад төдийгүй дэлхий дахинаа урьд өмнө нь бүтээгдээгүй аварга том номын сан болно. Өмнөх бүхий л цаг үе гэдэг нь Хятад оронд бичиг үсэг бий болж, улмаар ном судар бүтээн туурвиж ирсэн 5000-3000 жилийн тэртээгээс Мин төрийн өгүүлэн буй он жилүүд болох XV зууныг хүртэлх урт удаан эрин үеийн туршид бүтээгдсэн бүх ном судрыг хэлж байгаа хэрэг. Ингэхлээр ямархан их ном судар байсан нь ойлгомжтой буй заа. МНТ-ны бар хэвлэлийн түүхийн эхлэл ийм байна. МНТ-ны бар хэвлэлийн дараачийн гэрч баримт нь 1772-1773 онд холбогдоно.
Тэр үеийн Манж Чин улсын хааны ордонд ажиллаж байсан сударч түшмэл Цянь Дасин гэгч ордны номын санд нэвтэрдэг байсан эрх мэдлээ ашиглан тэндээс мөнөөх “Юнлө-гийн их нэвтэрхий толь”-оос МНТ-г сэм хуулан авч гар бичмэлээр гаргажээ.
Энэ мэтээр өнгөрсөн найман зууны туршид барлан хэвлэгдэж өнөөдрийг хүрч ирсэн МНТ-ны бар хэвлэл нийт 32 бий. Түүхийн янз бүрийн цаг үед барлан хэвлэгдэж өнөөдрийг хүрч ирсэн МНТ-ны тэдгээр бар хэвлэлийг Өвөр Монголын ном цуглуулагч Х.Цогтнаран Хятадад болоод харь улс орнуудаар бэдрэн явж 28-ыг нь олж цуглуулаад бүртгэн судалж байгаа, бас нөр их хүч, хөдөлмөр гарган дахин хэвлэж мөнхийн гавьяат үйлс бүтээж байна. Нэгэнт гар бичмэлийн асуудал хөндөгдсөн тул бар хэвлэлийн тухай түр азнаж, удаахь зүйл болох МНТ-ны гар бичмэлийн түүх рүү орьё. МНТ-ны бар хэвлэлүүд их ээдрээтэй замыг туулсан, тэр хэрээрээ ихээхэн эмгэнэлт хувь заяатай. Тэгвэл түүний гар бичмэлүүд ч бас бэрх замналыг туулсан, тэр чинээгээрээ бидэнд ихээхэн сонирхолтой. Тэр бүхнийг нэгбүрчлэн судлан тогтоож, бичиглэн үлдээх ёстой. Тайз, дэлгэцийн уран бүтээл, телевизийн олон ангит сериал ч хийх баялаг сэдэв мөн. Ийнхүү Цянь Дасин гэгч 1772-1773 оны үед Бээжин дэх Манжийн хааны ордонд ажиллаж байхдаа орны номын сангаас МНТ-г гараар хуулан авч гадагш гаргаснаар, олон зуун жилийн туршид хааны ордонд нууцлагдан хадгалагдаж байсан энэ гайхамшигт бүтээлийн хувь заяанд түүхэн эргэлт гарч, эгэл жирийн ард олны дунд тархаж эхэлжээ. Ингэхдээ гар бичмэлээр хувилагдан, бас барлан хэвлэгдэж тархах болсон байна.
Ийнхүү МНТ-ны монгол хэлээр хятад ханз үсгээрх хувилбарууд Хятад оронд тархсаар ирсэн бол түүний монгол хэл бичгээрх эх нь Монгол газарт монгол хүний гарт хадгалагдсаар иржээ гэж үзүүштэй.
Тийм ээ, Монгол оронд МНТ-ны эртний монгол эх тархсан байжээ. Лу Алтан товч, Хураангуй Алтан товч, Эрдэнийн товч, Эрдэнийн эрих, Асрагч нэртийн түүх, Болор эрих, ... зэрэг олон түүхийн судрыг үүнтэй холбогдуулан дурдах ёстойн дотроос хамгийн түрүүнд бид Лувсанданзан гүүшийн зохиосон “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршивой” нэртэй судрыг авч үзэх ёстой.Хоёр зүйлээр энэ судар МНТ-той шууд холбогддог. Нэгдэх нь бичигдсэн оноороо. Лу Алтан товч нь 1634 оны үед зохиогдсоноороо бусад судруудаас хамгийн эртнийд тооцогдоно. Хоёрдахь нь Лу Алтан товчид МНТ-ны нийт 282 зүйлийн 234 нь буюу гуравны хоёр нь орсон байдаг нь түүнийг МНТ-ны хамгийн ойр хувилбар нь гэж үзэхэд хүргэдэг. Ямар ч мундаг, хэтийдсэн мэргэн түргэн ухаантан байлаа гээд хоорондоо 400 гаруй жилийн зайтай хоёр өөр ном судрыг нэгийг нь үзэж ашиглалгүйгээр ингэж адилхан тааруулж бичнэ гэж байхгүй. Тэр байтугай, дээр дурдсан бусад түүхийн сударт ч МНТ-г шууд ба дам ашигласан гэж үзүүштэй олон зүйл бий нь тэдний гарт МНТ-ны хувь хуулбар байсан гэж үзэхэд зайлшгүй хүргэдэг. Дахин хэлэхэд, хэдэн зуун жилийн зайтайгаар нэгэн сэдвийг хөндөж бичихэд өөр эхийг, тэгэхдээ чухам МНТ-ныг ашиглаагүй л бол тэгж адилхан болно гэж байхгүй ээ... Дараачийн удаад “Монгол үндэстний ариун шүтээн Библи” гэж болох энэ агуу их туурвилын тухай бүр сонирхолтойг өгүүлсү.
Хэлбичгийн ухааны доктор (Ph.D.) Я.Ганбаатар
2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр.
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл12
Хүн эмээ өвөөгөөсөө өндөр наслаж амьд үлдсэн ухааныг сурч үлддэг. Эмээ өвөөтэйгөө хамт амьдрах нь энэ ухааныг сурч өгөх боломжийг олгодог. Америк, Англиийн гэр бүлийн соёл нь биднийхээс эрс өөр болно. Америк, англид аль аль нь эмээ өвөөтэйгөө хамт амьдардаггүй соёл бий. Тэд эмээ өвөөгөө гэртээ хамт амьдрах тухай ойлголт байхгүй харин эмээ өвөөгөө шууд асрамжийн газарт суулгаж хаядаг. Энэ асрамжийн газарт суулгадаг байдал тэдний хөгжлийг сүйрэлд хүргэж байна. Монголчуудаа америк соёл биднийхээс сул дорой тул цаашид сүйрч нурж унах улс юм. Испанийн хувьд бидний соёл байгаа учраас яах аргагүй эсэргүүцэх нь тодорхой. Испаничууд эмээ өвөөгөөөсөө сурах ухааныг эзэмшиж байна. Испани яах аргагүй куба улсыг бодсон ч Америкийн эсрэг тэмцэх ёстой улс мөн. Америкийн соёлын сул тал тэднийг сүйрэлд хүргэнэ. Монголчуудаа илүү мундаг соёлоо доорд муу соёлоор сольж үл болно шүү. Куба улсыг дэмжих хэрэгтэй. Америкийг сул дорой соёлтой болохыг нь мэдрүүлж, сүйрүүлэх цаг нь болжээ.
Үнэн л дээ, гэхдээ тэд чинь биднээс урт наслаад байх юм
Тэдний эрин үе дууссан. Одоо америкийн баруун эрэгт хүмүүс нь хар тамхинд орж, гудамжинд амьдарч байна. 20 жилийн дараа тэдний амьдрал богинохон болно.
МНТ бол нийтэд зориулсан ном ерөнхий багцаатай олон талын эх сурвалжууд 1 зүйлийг олон талаас бичсэн байдаг нь бодит байсан гэдгийг баталдаг гэвч МНТ дээр дурьдагдаагүй нууц зүйл бас байна. МНТ гэдэг нэрийг орос хүн өгсөн нийтэд зориулсан Монголын талаар нийтэдэд мэдээлэл ном байсан байна.
Нууц товчоог үлгэр гэдгийг Монголчууд ойлгохгүй түүхийн баримт гэж үздэг нь хэлсэн нэг ч үг нь түүхэнд үлдээгүй Чингис хааныг тэгж ингэж хэлсэн сургасан гэж тэнэгтэхэд хүргэдэг.
Чи бас дутуу байна. Хүн эмээ өвөөгөөсөө сурдаг. Ядаж чи иранд байгаа Монголын түүхийн талаарх олон ном сонинтой танилцаж үз. Хүлэгү хаан, Хубилай хаан нар бол өвөө болох Чингис хаантай хамт амьдарч суралцсан асар их ухаантай хаад байсан. Амьд үлдэх ухааныг тэд Монголчуудад үлдээсэн. Ганцхан нууц товчоо судлаад дутуу ойлголт авчээ. Эртний персийг эзэлж явсан агуу Монгол ухаан Тегеранд байна.
Маш чухал сэдэв шүү, ажилд чинь амжилт
Агуу, гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв. 800 жилийн тэртээд бичигдсэн Монгол үндэстний түүх. Баяр хүргэе. Улам ихийг хийгээрэй.
Чингисийн амьд үеийн уйгаржин монголоор бичсэн ганц бичиг дурсгал олоод гаргачих аавын хүү судлаач алга уу
Байхгүй. Иранд очиж судал. Монгол хэлнийхэн нэртэй хятад хужаагийн эрлийзүүд их солиорч байна. Бээжингээс 1368 онд Монголчууд хөөгдсөн тэр цагаас хятадын тархи угаалт явж байгаа. Монголын өв иранд үлдсэн шүү.
Худам монгол бичиг гэдэг үг ч дээ. Уйгараас дамжуулж еавсан бичиг бол гарал үүсэл нь Сири рүү очно. Араб бичгийн босоо нэг хувилбар. Үлдсэн түүхийн эх баримт зөндөө бий
Манайд тэр Өвөр Монголын Цогтнаран шиг, Сарангоо шиг хийх ёстой доо уг нь. Хамтраад ч болов хийгээсэй.