sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 16 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвасыг удирдах “Энхийн зөвлөл” байгуулагдсан гэж мэдэгдлээ. ““Энхийн зөвлөл” байгуулагдсаныг би бахархалтайгаар мэдэгдэж байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг удахгүй зарлана” гэж тэрбээр Truth Social нийгмийн сүлжээндээ бичсэн байна.


Д.Трамп уг зөвлөлийг “урьд өмнө хэзээ ч, хаана ч байгуулагдаж байгаагүй хамгийн агуу, хамгийн нэр хүндтэй зөвлөл байх болно” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Түүний хэлснээр, өөрийн биеэр ахалж ажиллуулах олон улсын “Энхийн зөвлөл”-ийг байгуулах нь Газын зурвасын асуудлыг тайван замаар шийдэх төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд үүнд олон улсын хүчнийг байрлуулах асуудал багтаж байгаа ажээ. Трампын энхийн төлөвлөгөөний хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлж эхэлснийг түүний тусгай элч Стив Уиткофф энэ долоо хоногт мэдэгдсэн байна.


Уг үе шатанд Газад шилжилтийн засаг захиргаа байгуулах, Газын зурвасын удирдлагын үндэсний хороо (NCAG) байгуулах, мөн хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсгийг хураах ажлууд багтаж байгаа юм.


Эхний үе шатны хүрээнд барьцаалагдсан хүмүүсийг бүгдийг нь суллаж, амиа алдсан 28 хүний 27-гийнх нь шарилыг Израилд хүлээлгэн өгсөн гэдгийг Уиткофф дурджээ. Газын зурваст Израиль болон ХАМАС-ын хооронд дайныг зогсоох хэлэлцээрт өнгөрсөн оны аравдугаар сард Египетийн Шарм-эш-Шейх хотод АНУ, Египет, Туркийн удирдагчид зуучлагчдын хувиар гарын үсэг зурсан юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг