1 дүгээр сарын 4-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Швейцарын Вале (Valais) мужид гарсан гал түймрийн улмаас Швейцарын Холбооны Ерөнхийлөгч Памланд эмгэнэлийн цахилгаан илгээв.
Цахилгаандаа Ши Жиньпин Вале мужийн Кран-Монтана (Crans-Montana) хотод гарсан ноцтой гал түймэрт олон хүний амь нас хохироосонд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, Хятадын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс амь үрэгдэгсдэд гүн эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг нь хуваалцан, шархадсан иргэд хурдан эдгэрэхийг хүсэн ерөөжээ.
Мөн өдөр Вале мужийн цагдаагийн байгууллага мэдэгдэхдээ, гал түймрийн улмаас нэмэлтээр 16 хүний биеийн байцаалт тогтоогдож, одоогоор нийт 40 амь хохирогчийн 24-ийнх нь хэн болохыг баталгаажуулсан гэжээ. Эдгээр 16 хүн дунд 10 Швейцарь, 2 Итали, 1 Итали гаралтай АНЭУ-ын иргэн, 1 Румын, 1 Франц, 1 Турк улсын иргэн багтаж байгаа бөгөөд хамгийн бага насны хохирогч 14 настай байв.
Цагдаагийн мэдээлснээр, гал түймэр 1 дүгээр сарын 1-ний үүрээр Вале мужид байрлах “Констелляц” (Constellation) нэртэй бааранд гарч, улмаар 40 хүн нас барж, 119 хүн шархадсан байна. 1 дүгээр сарын 3-ны байдлаар нас барсан хүмүүсийн дунд 8 Швейцарь иргэн багтсаныг тогтоосон байв.
Орон нутгийн прокурорын байгууллагаас урьдчилсан шалгалтаар, гал түймэр шампан дарсны шилэн дээр байрлуулсан салютын очноос үүдэлтэй байх магадлалтайг тогтоож, уг баарны хоёр эзэнд холбогдох эрүүгийн мөрдөн шалгалт эхлүүлсэн бөгөөд ослын шалтгааныг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байна.
Лхагва - 01 сарын 07,
2026

Сэтгэгдэл0