УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр: "Оюутолгойн гэрээг засаж залруулах ёстой. Анх 400 тэрбум доллар гэж байсан. Одоо бараг 600 тэрбум доллар болсон байх.
Энэ их олон зуун тэрбум долларын баялгаа өчгхөөд оронд нь өртэй үлдэнэ гэдэг бол гунигтай, харамсалтай. Хойч үеийнхээ төлөө бид сайн юм хийх ёстой. Гэмт хэрэг хийж болохгүй.
Энэ асуудлаар парламент сонсгол хийх гэж байгаа нь монголын улстөр эрүүл болох гэж оролдож байна гэж олйгож байна. Би сонсголд очно. Гэрчүүд ирэх үүрэгтэй. Тэр үед шийдвэр гаргаж байсан, энэ асуудлыг яриад адлуулж байсан хүмүүс бүгд ирээд үнэн мөнөө ярилцах ёстой. Тухайн үед би бичгээр өгч байсан, 34 хувь бол бидэнд аюултай занга шүү. 34 хувийн оронд рояалтигаа ахиухан ав гэж тооцоо хийж өгч байсан. Захидал бичиж байсан. Түүнийгээ үзүүлнэ.
Өнөөдөр үүн шиг аюултай уул уурхайн том луйвар болоход монголчууд ахиад луйвардуулж алдахгүйн тулд сонсголдоо заавал оролцох ёстой. Би оюутолгойг олон жил ярьсан. Хэзээ ч хэн нэгнийг буруутгаж, яллаж, буруутан хайх гээгүй. Монголчууд эндээс зөвхөн хожих ёстой. Оюутолгойн асуудал дээр монголын ард түмэн нэг талдаа гарч, үр хойчдоо сайн болгох ёстой. Рояалтигаа нэмэх ёстой. Сайн муу хэлүүлэх нь хамаагүй. Хойч үедээ сургамж болгож үлдээх ёстой. Бас засах ёстой.
Сонсголын үр дүн гэвэл монголын ард түмэн шүү дээ. Баялгийнхаа талаар парламент нь ард түмэнтэйгээ нийлж, юун дээр алдав? юун дээр онов? цаашид яах ёстой вэ гэдгээ ярих ёстой. Түүнээс битүүхэн бие биенээ доромжлоод, үндэслэлгүйгээр яваад байх нь сайн зүйл биш. Баримтаа, үндэслэлээ ярих ёстой. Монгол орон дандаа өрнөөс өрний хооронд явж, маш их хүү төлдөг. Үүний оронд уул уурхайн баялгаа ард түмэнд ашигтай болгооч гэдэг асуудал.
Үүн дээр суусан гадна дотны улстөрийн хэдхэн бүлэглэлүүд өнөөдөр Монголын парламент, засгийн газар, улстөрд нөлөөлдөг нь үнэн.
Ийм арчаагүй байдлыг бид зүгээр хараад сууж болохгүй. Ядаж сонсгол хийж, ярилцах ёстой. Монголчууд бүгд биеэ үнэлэгчид биш шүү дээ. Чин үнэнийг ярьж, гарц гаргалгаа ярьдаг байх ёстой." гэсэн юм.
М.Чой
Пүрэв - 12 сарын 04,
2025

Сэтгэгдэл0