Японы баруун жигүүрийн улс төрийн хүчнүүдийн олонтаа дурдах болсон “оршин тогтнох хямралын нөхцөл байдал” гэх тодорхойлолт нь гадагш чиглэсэн дайсагнал, түрэмгий өнгө аястай хэллэг гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Энэхүү байр суурийг Японы шинэ ерөнхий сайд давтан илэрхийлж буй нь милитарист үзэл дахин сэргэх аюулыг сануулж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татлаа. Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой тохиож буй энэ цаг үед Японы удирдагчийн ийм мэдэгдэл гарсан нь бүс нутгийн орон төдийгүй дэлхий нийтийн санаа зовоолт, дургүйцлийг улам нэмэгдүүлж байна.
Хятадын Төв Радио Телевизийн CGTN сувгаас дэлхийн олон орны хэрэглэгчийн дунд явуулсан санал асуулгын дүн ч энэ бол ганц удаагийн “алдаатай үг” бус, харин Японд милитарист үзэл удаан хугацаанд бугшиж, аажмаар идэвхжиж буй илрэл гэж олон улсын иргэд дүгнэж байгааг харууллаа. Судалгаанд оролцогчид Японы бодлогын өөрчлөлтөд өндөр түвшний сонор сэрэмж хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Японы гадаад, аюулгүй байдлын бодлого илт баруун тийш хазайж, томоохон өөрчлөлтүүд гарчээ. Тухайлбал, батлан хамгаалах төсвөө тогтмол өсгөх, довтолгооны зэвсэг хөгжүүлэх оролдлого хийх, зэвсгийн экспортын хязгаарлалтыг сулруулах, “цөмийн зэвсэггүй гурван зарчим”-аас ухрах явдлууд нийгэм, олон улсын хүрээнд болгоомжлол төрүүлж байгаа. Судалгаанд оролцогчдын 88.5 хувь нь үүнийг милитаризм дахин сэргэх аюулын дохио гэж үзсэн бол 90 хувь нь Япон улс дахин цэргийн үзэл санаанд автаж мэдэх эрсдэлийг онцлон дурджээ. Мөн 83 хувь нь Японы өнөөгийн бодлого “энх тайвны улс” гэх зарчмаасаа зөрчиж байгааг шүүмжилсэн бол 85.9 хувь нь баруун жигүүрийн бодлогын нөлөөлөл Японы гадаад, дотоод бодлогыг аюултай чиглэлд хөтөлж байна гэжээ.
Түүхэн талаас нь харахад, Японы баруун жигүүрийн хүчнүүд “оршин тогтнох хямрал” гэх нэрийн дор Хятадыг түрэмгийлсэн дайн, Номхон далайн дайныг өдөөж, Азийн олон оронд асар их гарз хохирол учруулсан билээ. Энэ түүхэн сургамж өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр. Судалгаанд оролцсон иргэдийн 89.2 хувь нь Японы ерөнхий сайдын мэдэгдэл нь одоогийн олон улсын дэг журмыг ноцтой алдагдуулах шинжтэй гэж үзсэн байна. Харин 91 хувь нь мэдэгдлээ буцаахаас татгалзаж буй нь Японы Засгийн газар дайны гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, сургамж авах тал дээр хангалтгүй байгааг тод харуулж байна гэж дүгнэжээ. Үүнээс гадна 82.7 хувь нь Японы баруун жигүүрийн бодлого бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж буй тул олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй Японы ард иргэд ч өндөр сонор сэрэмжтэй хандах шаардлагатай гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 90.9 хувь нь Япон улс хурцадмал байдалд хүч хэрэглэн асуудлыг шийдэх оролдлого хийвэл маш хүнд үр дагаварт хүргэнэ гэдгийг анхааруулжээ.
Энэхүү санал асуулга CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформуудад нийтлэгдэж, 24 цагийн дотор 7147 сүлжээ ашиглагч оролцсон байна.
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл0