11-р сарын 18-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн хурлыг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин удирдан явуулав. Энэ үеэр тэрээр 11-р сарын 18-ны үдээс өмнө Хятадын Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга Лю Жинсун Бээжинд Японы Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Масааки Канайтай албан ёсны хэлэлцээ хийсэн байна.
Хэлэлцээний үеэр Хятад улс Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн асуудлаарх өдөөн хатгасан, ташаа мэдэгдлийн талаар дахин хатуу эсэргүүцлээ илэрхийлж, Санаэ Такаичигийн хэлсэн үг олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн зарчмыг зөрчсөн; Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмыг ноцтой эвдсэн; “Нэг Хятад” зарчим болон Хятад, Японы харилцааг тодорхойлдог дөрвөн улс төрийн баримт бичгийн үзэл баримтлалтай илт зөрчилдсөн; Хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хүндээр гэмтээсэн; Шинж чанар, үр дагаврын хувьд тун хортой нөлөө үзүүлсэн; Хятадын ард түмний дургүйцлийг төрүүлж, хүчтэй эсэргүүцэл дагуулсан байна. Иймд Хятадын тал Японыг уг буруу мэдэгдлээ нэн даруй эргүүлэн татаж, Хятадтай холбоотой асуудлаар маргаан дэгдээхээ зогсоон, бодит үйлдлээр алдаагаа засахыг шаардаж буйгаа онцлон тэмдэглэсэн гэнэ.
Мао Нин цохон хэлэхдээ, зөвхөн бодит алхмаар л Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалж, хоёр орны харилцааг тогтвортой байлгах боломжтой гэв.
Г.Бямба
Лхагва - 11 сарын 19,
2025

Сэтгэгдэл1
Тайванийн асуудлаар Япон-Хятадын харилцаа хурцдаж, олон улсын анхаарлын төвд орж байна. Японы мэдэгдэл нь бүс нутгийн аюулгүй байдалд хамаатай гэж үзэж байгаа бол Хятадын тал үүнийг өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа удаа дараа илэрхийлээд байна. Япон бол хэзээ ч Тайвань-ыг Хятадад өгөхгүй гээд байна. Японы Киодо агентлаын иргэдийн дундах санал асуулгаар: “Тайванийн хямралын үед Япон улс хамтын аюулгүй байдлын эрхээ(Цэргийн үйл ажиллагаанд оролцохтой ижил утгатай) ашиглахыг дэмжиж байна уу?” гэсэн асуултад: - “Дэмжиж байна” болон “Харьцангуй дэмжиж байна” гэж хариулсан нь нийт 48.8% - “Эсэргүүцэж байна” болон “Харьцангуй эсэргүүцэж байна” гэж хариулсан нь 44.2% байв Үүнээс ард иргэдийн дийлэнх нь өөрсдөөсөө Цэрэг хөдөлгөөд ч хамаагүй хамтын ажиллагааны гэрээнийхээ хүрээнд Америкыг дэмжээд Хятадыг буулгаж авах ёстой гэж байгаа юм байна.