Бонум ХХК Монгол Улсад Google Pay болон Google Wallet-ын албан ёсны төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болж, дэлхийн хэмжээний дижитал төлбөрийн экосистемийг монгол хэрэглэгчдэд нэвтрүүллээ. Энэхүү шийдэл нь андройд үйлдлийн системтэй гар утас ашигладаг иргэд болон бизнес эрхлэгчдэд илүү хялбар, аюулгүй, ухаалаг төлбөрийн орчныг бүрдүүлэх зорилготой аж.
Google Wallet & Google Pay-ын албан ёсны нээлт өнөөдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Нээлтийн үеэр Бонум компани өөрийн санхүүгийн супер апп “Neo App”-ыг мөн танилцуулах юм.
Mastercard ба Bonum-ын стратегийн хамтын ажиллагаа
Бонум ХХК нь олон улсын төлбөрийн сүлжээ болох Mastercard-ын Монгол дахь Principal Member болон цорын ганц Engagement Partner болж, Монголын санхүүгийн салбарт дижитал инновацын шинэ эрин эхлүүлж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Бонум Mastercard-ын бүх дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх онцгой эрхтэй болж, банк, финтек болон бизнесийн байгууллагуудад илүү өргөн хүрээний, цогц санхүүгийн шийдэл санал болгож байгаа юм.
Google компанийн дижитал төлбөрийн экосистем Монголд
Google компанийн Google Pay болон Google Wallet үйлчилгээг Монголд нэвтрүүлснээр хэрэглэгчид гар утсаараа NFC технологийн тусламжтайгаар контактгүй төлбөр төлөх, карт болон тийз зэрэг баримтуудаа нэг дороос удирдах боломжтой болж байна. Google Pay-ын тусламжтайгаар хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаа илүү хялбар, хурдан, аюулгүй байдлаар хийх бол Google Wallet нь төлбөрийн карт, урамшууллын карт, тийз, эрүүл мэндийн мэдээлэл, нэвтрэх эрх, автомашины түлхүүр зэрэг мэдээллийг нэг платформд төвлөрүүлэх ажээ.
Google Wallet үйлчилгээг Монголд зөвхөн Бонум ХХК-аар дамжуулан бизнесүүд ашиглах боломжтой бөгөөд энэ нь дотоодын финтек экосистемийг олон улсын түвшинд хүргэх томоохон алхам болж байна.
Мягмар - 11 сарын 18,
2025

Сэтгэгдэл0