sonin.mn

11-р сарын 17-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин сэтгүүлчдийн асуултад хариулсныг товчлон хүргэж байна.


Ерөнхий сайд Ли Чян Японы удирдлагатай уулзах төлөвлөгөөгүй


G20-ийн удирдагчдын 20 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкийн Йоханнесбургт болох гэж буйтай холбогдуулан Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Японы ерөнхий сайдтай уулзах эсэхийг сэтгүүлч асуухад, хэвлэлийн төлөөлөгч Мао Нин: Ли Чян ерөнхий сайд Японы удирдлагатай уулзах ямар нэгэн тов, төлөвлөгөөгүй гэв.


Японы тал нэн даруй өөрийн алдаагаа эргэн харах ёстой


Сэтгүүлч Японы Гадаад хэргийн яамны Азийн, Номхон далайн газрын тэргүүн Канаи Масаакигийн БНХАУ-д хийж болзошгүй айлчлалын талаар асуув.

Мао Нин хариулахдаа, холбогдох мэдээлэл байвал цаг алдалгүй хүргэнэ гэдгээ хэлээд, дараах байр суурийг онцлон тэмдэглэсэн юм.


Тэрээр мэдэгдэхдээ, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн асуудлаарх буруу, өдөөн хатгасан мэдэгдлийн талаар Хятад улс Японд аль хэдийнээ ноцтой сануулга өгч, хатуу эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд цаашид ч энэ байр сууриа тууштай баримтлах болно гэв. Мөн Хятад улс Японы талд хандан алдаагаа нэн даруй эргэн харж, засварлаж, Хятадад хамаарах асуудлаар хэрэг сэдэхээ зогсоох шаардлагатайг хатуу тэмдэглэсэн байна.

Мао Нин цааш нь хэлэхдээ, сүүлийн үед Японы нийгэмд Хятадын иргэд рүү чиглэсэн гэмт хэрэг олширч, барууны чиг баримжаатай бүлгүүд болон цахим орчинд Хятад руу чиглэсэн туйлын ширүүн, заналхийлсэн агуулгатай хэллэгүүд нэмэгдэж буйд Хятад улс гүнээ санаа зовниж байна. Ийм нөхцөлд холбогдох байгууллагууд иргэддээ анхааруулга гаргасан нь бүрэн үндэслэлтэй, зайлшгүй арга хэмжээ гэжээ.


Японы тал Хятад–Японы дөрвөн улс төрийн баримт бичгийн зарчмыг чанд сахиж, буруу хэлсэн үгээ нэн даруй залруулах ёстой


Сэтгүүлч: Хятадын хэд хэдэн байгууллага иргэддээ ойрын хугацаанд Япон руу зорчихгүй байхыг анхааруулсан. Энэ нь олон хятад хүнд нөлөөлж, хоёр орны иргэдийн харилцаа, солилцоог бууруулах магадлалтай. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай вэ?


Мао Нин: Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Тайванийн асуудлаар буруу байр суурь илэрхийлж, Хятадын ард түмний сэтгэл санаанд гүн шарх учруулсан төдийгүй Хятад–Японы ард иргэдийн солилцооны уур амьсгалыг ноцтой муутгасан. Японы тал Хятад–Японы дөрвөн улс төрийн баримт бичгийн зарчмыг чанд мөрдөж, буруу үг үйлдлээ нэн даруй залруулж, хоёр улсын харилцаа цаашид дордохоос сэргийлэх ёстой гэв.


Хятад–Японы улс төрийн дөрвөн баримт бичигт ямар ч бүдэг, тодорхойгүй зүйл байхгүй


Сүүлийн үед Японы зарим улс төрч “Санаэ Такаичигийн Тайванийн асуудлаарх буруу мэдэгдэлд Хятад улс хэтэрхий хурц хариу үйлдэл үзүүллээ” гэх мэт байр суурь илэрхийлж буйтай холбогдуулан, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тодорхой тайлбар хийлээ.

Тэрээр Санаэ Такаичигийн мэдэгдэл нь Хятад–Японы улс төрийн дөрвөн баримт бичигт туссан үзэл баримтлалыг ноцтой зөрчиж, хоёр улсын харилцааны улс төрийн үндэс суурийг гэмтээсэн гэдгийг онцлон тэмдэглэв.


Мао Нин хэлэхдээ, Дипломат харилцаа тогтоох үед Хятадын тал “дипломат харилцаа тогтоох гурван зарчим”-ыг тодорхой дэвшүүлсэн гэлээ. 1972 оны “Хятад–Японы хамтарсан мэдэгдэл”-д Тайванийн асуудлыг гурван газарт тусгаж, Японы засгийн газар БНХАУ-ын засгийн газрыг Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрнө, “Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг” гэсэн Хятадын байр суурийг бүрэн ойлгож хүндэтгэнэ хэмээн тодорхой заасан байна.

Үүнийг дараагийн гурван баримт бичиг болох 1978 оны “Хятад–Японы энх тайван, найрамдлын гэрээ”, 1998 оны Хамтарсан тунхаг, 2008 оны Хамтарсан мэдэгдэл давхар нотлон баталгаажуулсан юм гэв.

Тэрээр цааш нь, дээрх баримт бичгүүдийг Япон тал биелүүлэх хууль ёсны үүрэг хариуцлагатай бөгөөд тэдгээрийг дур мэдэн тайлбарлах, гажуудуулах ямар ч орон зай байхгүй. Иймд Хятадын тал Японыг улаан шугам давсан өдөөн хатгалгат үйлдлээ нэн даруй зогсоож, өөрийн амлалтаа бодит үйл ажиллагаагаар баталгаажуулахыг шаардаж байна гэв.


Япон Улс бодит үйлдлээрээ Азийн хөршүүддээ итгэл төрүүлэх ёстой гэж Хятадын тал мэдэгдэв


11-р сарын 14-нд БНСУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж, Японы Засгийн газар Токиод байрлах “Нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн үзэсгэлэнгийн танхим”-ыг өргөтгөх шийдвэр гаргасныг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Уг үзэсгэлэн нь Японы талаас “Докдо арал” (Японоор Такешима) өөрийн бүрэн эрхэд харьяалагдана гэж сурталчилдаг, маргаан дагуулсан байгууллага юм.


Сэтгүүлчийн энэ тухай асуултад хариулахдаа, Мао Нин холбогдох мэдээллийг анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлээд, сүүлийн үед Японы зарим таагүй, өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүд нь хөрш орнуудын болгоомжлол, эсэргүүцлийг улам нэмэгдүүлж байгааг онцоллоо.

Тэрээр Япон улс өнгөрсөн түүхээ, тэр дундаа түрэмгийллийн түүхээ гүн гүнзгий эргэцүүлэн тунгааж, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах ёстой гэжээ.

Мао Нин цааш нь, Япон улс үг хэллэгээсээ илүүтэй бодит үйлдлээрээ Азийн хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт итгэл, баталгааг өгөх ёстой гэв.


Хятадын Засгийн газар ямар ч байгууллагад хууль бусаар дата цуглуулахыг шаарддаггүй


Сэтгүүлч: Их Британийн Financial Times сонин АНУ-ын Цагаан ордны нэгэн санамж бичгийг иш татан, Вашингтон Хятадын технологийн компани Alibaba-г АНУ-ын дотоодод чиглэсэн Хятадын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд технологийн дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай вэ?


Мао Нин: Уг асуудлаар холбогдох компани аль хэдийн мэдэгдэл гаргасан. Хятадын Засгийн газар дата нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг тууштай хамгаалдаг бөгөөд хэзээ ч, ямар ч байгууллага, компанид хууль зөрчин мэдээлэл цуглуулах, хадгалахыг шаарддаггүй, цаашид ч тийм зүйл хийхгүй гэжээ.


Хятад улс Сирийг “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтад нэгдэхийг дэмжиж байна


Хурал дээр сэтгүүлч Сири улсын түр засгийн газрын Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын талаар асуулт тавилаа.

Мао Нин хариулахдаа, Сири улсын түр засгийн газрын Гадаад харилцааны сайд өдгөө Хятадад айлчилж байгаа бөгөөд өнөө өглөө Хятадын Гадаад харилцааны сайд Ван И түүнтэй албан ёсны хэлэлцээ хийснийг мэдээлэв.


Хэлэлцээний явцад Ван И сайд онцлохдоо, Хятад, Сири хоёр нь хөгжиж буй орнуудын хувьд өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд Хятад улс Сирийн бүх ард түмэнд чиглэсэн найрсаг бодлогыг баримталж, Сирийн ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг гэв. Хоёр тал бие биеийнхээ үндсэн ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, дотоод хэрэгт оролцохгүй байх зарчмыг баримтлан, уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, хоёр улсын харилцааг зөв чиглэлд авч явах ёстойг тэмдэглэв.


Тэрээр мөн “Зүүн Түркистаны Исламын Хөдөлгөөн” (ETIM) нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр албан ёсоор террорист байгууллага хэмээн тогтоогдсон гэдгийг сануулж, Сири улс өөрийн газар нутгийг ашиглан Хятадын ашиг сонирхолд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг үл зөвшөөрнө гэж ам өгсөнд талархал илэрхийлэв. Мөн энэ амлалтыг хэрэгжүүлэх бодитой арга хэмжээ авч, хоёр орны харилцааны тогтвортой хөгжилд шаардлагатай аюулгүй байдлын орчныг бүрдүүлнэ гэдэгт найдаж буйгаа хэллээ.


Ван И сайд ирэх жил Хятад, Сири хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохыг дурдан, энэ хүрээнд бүх түвшний харилцаа, хамтын ажиллагааг үе шаттайгаар сэргээх шаардлагатайг онцлов. Мөн Сири улс “Бүс ба Зам” санаачилгад идэвхтэй оролцож, НҮБ болон Хятад-Арабын хамтын ажиллагааны форум зэрэг олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг Хятад улс дэмжихээ илэрхийлэв.


Эцэст нь, Хятад улс Сирид тогтвортой байдал, аюулгүй байдлыг сэргээх үйл хэрэгт олон улсын хамтын нийгэмлэгтэй нэгдэн хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгийг дахин нотлон тэмдэглэсэн байна.

Хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй нийтлэх ажээ.



Г.Бямба