ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /Reuters/. АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх асуудлаар Төлөөлөгчдийн танхимд санал хураахаас өмнө Сангийн яамны бондын өгөөж буурснаас үүдэн алтны үнэ лхагва гарагт 2 хувиар өсжээ. Шатдауныг зогсоосноор эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулах үйл явц сэргэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Тодруулбал, алтны спот үнэ 2 хувиар өссөнөөр нэг унц нь 4208.98 ам.долларт хүрсэн нь 10 дугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 2.4 хувиар өсөж, унц нь 4213.60 ам.долларт хүрснээр лхагва гаргийн арилжаа хаагдсан байна.
АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1 хувиар буурснаар 11 дүгээр сарын 5-наас хойших хамгийн доод түвшинд хүрч байна. “Засгийн газрын үйл ажиллагаа сэргэх гэж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчид эдийн засгийн үзүүлэлтийн талаарх статистик мэдээллүүдийг хүлээж байна. Эдгээр мэдээлэл нь Америкийн эдийн засаг суларч байгааг харуулах магадлалтай” гэж “TD Securities” фирмийн түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Барт Мелек хэлжээ.
Бүгд найрамдах намын хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхим өнөөдөр АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй шатдауныг зогсоох хуулийн төслийн талаар санал хураалт явуулна.
Нийт 42 хоногийн турш үргэлжилж буй түр зогсолт нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, статистик мэдээллийг танилцуулах үйл явцыг зогсоосноор бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид эдийн засгийн төлөв байдлыг үнэлэхийн тулд хувийн байгууллагуудын гаргасан үзүүлэлтүүдэд найдахад хүрсэн юм. Түүнчлэн мөнгөний спот үнэ 4.6 хувиар өсөж, унц нь 53.58 ам.доллар болсон нь 10 дугаар сарын 17-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн цагаан алтны үнэ 2 хувиар өссөнөөр 1616.80 ам.доллар, палладийн үнэ 2.5 хувиар өсөж 1480.58 ам.долларт тус тус хүрсэн байна. “CME Group”-ийн “FedWatch” хэрэгслийн мэдээллээр, Холбооны нөөцийн сангийн 12 дугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлал 65 хувьтай байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 13,
2025

Сэтгэгдэл1
Алтгүйгээр хүн амьдарч чадна.