sonin.mn

ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа золиослогч этгээд цагдаагийн машины хажууд тэсрэх төхөөрөг дэлбэлсний улмаас 27 хүн шархдаж, 12 хүн амиа алджээ. Тус улсад сүүлийн үед хүч хэрэглэх явдал нэмэгдэж буй үед халдлага болсон байна. 


Исламабадын дүүргийн шүүхийн гадна ихэвчлэн олон зуун хүн цугласан байдаг үед халдлагыг үйлдсэн байна. Дэлбэрэлтийн чимээ олон км-ийн хол зайд сонсогджээ.


Пакистаны Талибан хөдөлгөөнөөс салан тусгаарласан “Жамаат-ул-Ахрар” бүлэглэлийнхэн толгойлогч Омар Муккарам Хурасанигаас сэтгүүлчдэд илгээсэн мэдэгдлээр дамжуулан халдлагын хариуцлагыг хүлээсэн байна. Гэхдээ уг бүлэглэлийн нөлөө бүхий командлагч Сарбакаф Мохманд халдлагыг зохион байгуулсантай холбоотой мэдэгдлийг няцаажээ. 2022 онд “Жамаат-ул-Ахрар” бүлэглэлийн толгойлогч Афганистанд болсон дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэний дараа тус бүлэглэл Пакистаны Талибан хөдөлгөөнөөс /TTP/ гарсан байна.


Хэдийгээр зарим гишүүн нь саяхан TTP-д эргэн элссэн боловч зарим нь зайгаа барьсаар байгаа нь босогчдын хооронд санал зөрөлдөөн үргэлжилсээр байгааг харуулж байна.



TTP нь хөрш Афганистаныг удирдаж буй Талибан хөдөлгөөнөөс тусдаа боловч холбоотон нь юм. “Жамаат-ул-Ахрар” өмнө нь жижиг халдлагуудыг зохион байгуулж байсан боловч Пакистаны нийслэлд халдлага үйлдсэн нь хил орчмын хурцадмал байдал, Афганистантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж магадгүй байгаа, мөн Пакистаны Талибан хөдөлгөөн дахин идэвхжиж эхэлсэн зэрэгтэй тулгараад буй Пакистаны засгийн газрын хувьд байдал улам хүнд болж болзошгүй байна. “Халдлагыг Энэтхэгээс дэмжлэгтэй элементүүд болон Пакистаны Талибан хөдөлгөөнтэй холбоотой Афганистаны Талибан хөдөлгөөнийхөн үйлдсэн” гэж Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви ямар нэгэн нотлох баримтыг дэлгэхгүйгээр мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэрбээр хууль сахиулагчид дэлбэрэлтийг “нарийвчлан шалгаж” байгааг дурдсан байна.


Харин Энэтхэгийн эрх баригчид уг мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна. “Олон улсын хамтын нийгэмлэг бодит байдлыг сайн мэдэж байгаа бөгөөд Пакистаны цөхрөнгөө барсан заль мэхэнд төөрөлдөхгүй” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жасвал мэдэгджээ.


Энэ халдлагыг АНУ, Хятад, Саудын Араб, Катар, Турк зэрэг улсууд зэмлэн буруушаасан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөрдөн шалгах ажиллагааг сайтар явуулахыг уриалж, “халдлага үйлдсэн бүх этгээд хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэнийг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак уламжилжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг