ХКН-ын ХХ дугаар сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлын дараа зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын импортын VIII экспо нь дэлхийн 155 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагыг нэгэн дор цуглуулж, 4108 гадаад компанийн оролцоотойгоор нийт 430 мянган м² талбайг хамарсан үзэсгэлэнгийн цар хүрээгээрээ түүхэн дээд амжилт тогтоолоо.
ХТРТ-ын олон улсын суваг CGTN болон Бээжингийн Ардын их сургууль хамтран 46 улсын 14 мянга гаруй хүнд хийсэн санал асуулгаар, 72.6 хувь нь Хятадыг “нээлттэй, өрсөлдөх чадвартай зах зээл” гэж үзсэн байна. Түүнчлэн 28 орны оролцогчдын дунд энэ үзүүлэлт дунджаас өндөр гарч, нийт судалгаанд хамрагдсан орнуудын 60 хувийг эзэлжээ.
ХКН-ын Төв хорооноос баталсан “өндөр түвшний гадаад нээлттэй байдлыг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах” бодлогын хүрээнд судалгаанд оролцогчид хамгийн өндөр үнэлсэн таван чиглэл нь дараах байв:
Нээлттэй байдлаар инновац ба ногоон шилжилтийг дэмжих;
Институцийн нээлттэй байдлыг тууштай хэрэгжүүлэх;
Олон улсын эргэлтээр дамжуулан үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
Худалдаа, хөрөнгө оруулалтын хялбаршуулалтыг ахиулах;
Оюуны өмчийн хамгаалалт ба шударга өрсөлдөөний орчныг төгөлдөржүүлэх.
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2025 оны эхний 10 сарын байдлаар Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 37.31 их наяд юаньд хүрч, хоёрдугаар сараас хойш 9 сарын турш тасралтгүй өссөн байна.
Судалгаанд оролцогчдын 79.8 хувь нь Хятадын бизнесийн таатай орчин нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чухал хүчин гэж үзсэн бол 78 хувь нь “Хятадтай хийж буй худалдаанаас улс орон нь бодит ашиг хүртэж байна” гэжээ. 74.9 хувь нь өөрийн орон Хятадын санаачилсан олон улсын хамтын ажиллагааны төслүүдэд оролцох ёстой гэсэн бол 84.3 хувь нь “Хятад улс дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлын гол тулгуур” гэж үнэлсэн байна.
Энэ удаагийн экспогийн онцлох зүйл бол хамтдаа хөгжин дэвших зарчим юм. Анх удаа “Хамгийн буурай хөгжилтэй орнуудын бүтээгдэхүүний бүс”-ийг ажиллуулж, Африкийн бүтээгдэхүүний хэсгийг өргөтгөн, оролцогч орнуудад үнэгүй лангуу, татварын хөнгөлөлт олгожээ. Үүний үр дүнд “Дэлхийн өмнөд”-ийн орнуудын санал асуулгад оролцогсдын 88.2 хувь нь “Хятадын зах зээл нь улс орных нь хөгжлийн чухал боломж” гэж үзсэн бол 85 хувь нь “Хятадын санаачилсан хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох”-ыг дэмжсэн байна.
Судалгаанд оролцогчдын 89.5 хувь нь “Хятадын эдийн засаг хүчирхэг, уян хатан” гэж үнэлж, 82 хувь нь “урт хугацаанд эерэг хөгжлийн чиглэл өөрчлөгдөөгүй” гэж дүгнэжээ. Харин 86.4 хувь нь “Хятадын эдийн засаг дэлхийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна” гэж өндөр үнэлсэн байна.
CGTN болон Бээжингийн Ардын их сургууль хамтран хэрэгжүүлсэн уг судалгаа нь хөгжингүй болон хөгжиж буй 46 орны 18-аас дээш насны иргэдийг хамарсан бөгөөд санал асуулгын бүтэц тухайн орны хүн амын нас, хүйсийн харьцааг тусгасан болно.
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл0