sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд хяналт тавихыг үүрэг болгосон билээ.


Үүнтэй холбоотойгоор өчигдөр: "Зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагын зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр саатуулсан, эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна.


Энэ их хэмжээний мөнгийг бэлнээр гаргах нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж үзэн тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа бололтой." гэсэн мэдээлэл цацагдав.


Мэдээлэл цацагдмагц хар тамхи, мөрийтэй тоглоомчдын орлого гэсэн таамаглал нийгмийн сүлжээнд хөвөрсөн юм. Гэхдээ баттай бус эх сурвалжуудын өгүүлж буйгаар авлигын орлого болон хууль бус хөрөнгийн гарал үүсэлтэй валютыг зохион байгуулалттайгаар гадагш гаргаж байсан, өөрөөр хэлбэл мөнгө угаах зорилготой бүлэглэл байж болзошгүй аж.


Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд их хэмжээний валютыг хилээр системтэй гаргаж байгаа нь мөнгө угаах гэмт хэрэгт хамаарах нь түгээмэл.


Энэ нь ихэвчлэн авлигын орлогыг угаах зорилготой байдаг гэнэ. Товчхондоо бол улс төртэй холбоотой авилгачид хууль бус мөнгөө гадаад руу гаргаж байгаад баригдчихсан бололтой.



Н.Отгончимэг