sonin.mn

ЛИМА, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /AP/. Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгохоор шийдсэнийх нь дараа Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумыг “персона нон грата” буюу тааламжгүй этгээд гэж зарлаж байгаагаа Перугийн Конгресс пүрэв гарагт мэдэгджээ. Перугийн эрх баригчид дээрх орогнолын тухай шийдвэрийг улсынх нь дотоод хэрэгт удаа дараа хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж үзэж байна. 


К.Шейнбаум 2024 онд албан тушаалаа авснаасаа хойш Перугийн Ерөнхийлөгч асан Педро Кастиллог дэмжсэнээр Перугийн эсрэг дайсагнасан байр суурь баримталсаар ирсэн гэж Конгрессын баруун жигүүрийн гишүүд хэлсний дараа 63 гишүүн дэмжиж, 34 гишүүн эсэргүүцсэнээр дээрх шийдвэрийг баталжээ. 


2022 оны 12 дугаар сард парламентыг тараахыг тушаасан П.Кастилло бослого, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр албан тушаалаасаа огцорч, цагдан хоригдож байгаа юм.


Харин Мексикийн Гадаад хэргийн яамнаас пүрэв гаргийн орой мэдэгдэхдээ, Конгрессын шийдвэр “худал мэдээлэл” дээр үндэслэсэн гэжээ. “Мексикийн тал Перугийн дотоод хэрэгт ямар ч байдлаар хөндлөнгөөс оролцоогүй” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.


Б.Чавест орогнол олгох тухай К.Шейнбаумын шийдвэртэй холбогдуулан Перугийн түр Ерөнхийлөгч Хосе Хери даваа гарагт Мексикээс дипломат харилцаагаа тасалсан юм. Б.Чавесыг 2022 онд П.Кастиллогийн удирдлага дор Конгрессыг тараах оролдлого хийсэн хэргээр шалгаж байгаа ажээ. Перугийн Ерөнхий прокурорын газар П.Кастиллогийн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Б.Чавест 25 хүртэлх жилийн хорих ял оноохыг шаардаж байна. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг