sonin.mn

ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. “Collins” толь бичгийг зохиогчид 2025 оны онцлох үгээр код бичихгүйгээр хиймэл оюун ба зөв томьёолсон промпт ашиглан вэбсайт эсвэл программ бүтээх гэсэн утгатай “вайб-кодинг” гэдэг үгийг сонгожээ. 


Энэхүү нэр томъёог “OpenAI” компанийг хамтран үүсгэн байгуулагч, “Tesla” компанид хиймэл оюуны технологи хариуцсан захирлаар ажиллаж байсан словак-канад гаралтай эрдэмтэн Андрей Карпатый зохиосон байна. 


Тэрбээр хиймэл оюун нь программ зохиогчдод “код байдаг гэдгийг мартаж, зөвхөн вайб дээр төвлөрөх” боломжийг олгодог үйл явцыг нийгмийн сүлжээний хуудсандаа энэ оны хоёрдугаар сард тайлбарласан байна. Түүний хэлснээр, тэрбээр код дахь алдааг засдаггүй бөгөөд алдааны мэдээлэл гарвал ямар нэг тайлбар хийлгүйгээр хиймэл оюунд хуулж өгдөг ажээ. Ихэнхдээ хиймэл оюун алдааг засдаг байна. Хэрвээ засахгүй бол тэрбээр алдааг өнгөрөөх эсвэл алдаа засагдах хүртэл өөрчлөлт оруулахыг хүсдэг ажээ. 


Программ зохиох тал дээр ямар ч туршлагагүй хүмүүс ч гэсэн хиймэл оюунд "долоо хоног тутмын хоолныхоо цэсийг төлөвлөх программ хий” гэх мэт энгийн зааварчилгааг өгч чадна.


Харин илүү нарийн төвөгтэй ажлууд нь одоо ч программ зохиогчийн ур чадвар шаардсан хэвээр байгаа боловч "вайб-кодинг" нь программ зохиогч биш хүмүүст ч гэсэн өөрийн дижитал платформыг бүтээх боломжийг нээжээ. “Collins”-ын гүйцэтгэх захирал Алекс Бикрофт хэлэхдээ "Энэхүү нэр томьёо нь технологийн хөгжилтэй зэрэгцэн хэл хэрхэн хөгжиж байгааг төгс илэрхийлж байна" хэмээн онцоллоо.  




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг