sonin.mn

МАНИЛА, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. Филиппиний төв нутгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр нүүрлэсэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний ​​тоо 114 болж, 127 хүн сураггүй болжээ. 


Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь мягмар гарагт “Калмаеги”-гийн улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн төвийн нутгийн Себу мужийн оршин суугчид гэдгийг Иргэний хамгаалалтын газрын орлогч дарга Бернардо Рафаэлито Алехандро мэдэгджээ.


“Калмаеги” лхагва гаргийн үдээс өмнө баруун нутгийн Палаван мужаас Өмнөд Хятадын тэнгис, Вьетнам руу чиглэж байсан гэж цаг уурчид мэдээлсэн байна. Мягмар гарагт Филиппиний агаарын цэргийн хүчний нисдэг тэрэг өмнөд нутгийн Агусан дел Сур мужид осолдсоны улмаас зургаан хүн амь эрсэджээ. Тэд хар салхины улмаас хохирол амссан мужуудад хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байв. Ослын шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна. “Калмаеги”-гийн нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны улмаас гэнэт томоохон үер нүүрлэжээ. Улмаар үерийн улмаас орон сууцны хорооллууд усанд автаж, оршин суугчид дээвэр рүүгээ авирч, үерийн ус нэмэгдэхийн хэрээр аврагдахаа хүлээн цөхрөнгөө барсан гэж холбогдох албаныхан мэдээлжээ.


Себуд 71 хүн амиа алдсаны дийлэнх нь живсэн бол 65 хүн сураггүй болж, 69 хүн гэмтэж бэртсэн гэж Иргэний хамгаалалтын газраас мэдээлсэн байна. Мөн Себугээс холгүй орших төвийн муж болох Негрос Оксиденталд 62 хүн сураггүй болжээ.


“Бид хар салхины аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн боловч гэнэтийн үер гэх мэт урьдчилан тооцоолох аргагүй гамшиг нүүрлэлээ” гэж Себугийн захирагч Памела Барикуатро “Associated Press” агентлагт утсаар мэдээлсэн байна. Сайн дурын аврагч Калой Рамирез хэлэхдээ, хар салхины улмаас нүүрлэсэн үер нь Себугийн голын эрэг дагуух орон сууцны хорооллыг танигдахааргүй болгожээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг