sonin.mn

Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмждэг суурин харуулуудын мэдээллээр Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, МҮОНРТ, Монгол газар, Яармаг орчимд агаар бага бохирдолтой. Шархад, Мишээл экспо, Богд хааны ордон музейн орчим агаар цэвэр, бусад газруудад агаарын чанарын индекс хэвийн байгааг ойрын өдрүүдэд мэдээлж байгаа. Тэгвэл агаарын чанар сайжирч байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт болон дуудлагын тоо багассан байна.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр 2025 оны аравдугаар сард эрүүл мэндийн байгууллагууд нийт 33,862 дуудлага хүлээн авсан. Үүнээс 3804 буюу 11.2 хувь нь томуугийн дуудлага байгаа юм. Энэхүү 2025 оны аравдугаар сарын байдлаарх томуугийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.7 хувиар буурчээ. 


2024 оны аравдугаар сарыг 2025 оны аравдугаар сартай харьцуулахад томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн өвчтөний тоо 3850-иар буюу 8.1 хувиар буурсан. Харин 0-5 насны хүүхдийн өвчлөл 5946 тохиолдлоор буюу 12.5 хувиар буурсан байна. 


2025 оны агаарын чанарыг 2024 оны байдалтай харьцуулахад агаар бохирдуулагч хамгийн аюултай бодис 2.5 микрометрээс бага нарийн тоос буюу PM2.5 тоосонцор бууралттай. Мөн хүхрийн хий, угаарын хий багассан үзүүлэлттэй байгаа юм.


Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг эдгээр хорт бодисын агууламж тодорхой хэмжээнд буурч байгаа нь томуу, томуу төст өвчний тархалт, дуудлагын тоо буурахад нөлөөлснийг эмч нар хэллээ.