sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Цэнэгт хошуугүй тив алгасагч "Minuteman III" баллистик пуужинг лхагва гарагт АНУ-ын Калифорни муж улс дахь Ванденберг баазаас харваж туршжээ. 


АНУ-ын Агаарын цэргийн хүчний Глобал цохилтын командлалын (AFGSC) "GT 254" туршилтын ажиллагааны үеэр тив алгасагч баллистик пуужингийн найдвартай, бэлэн байдлыг баталгаажуулсан гэж тус улсын Сансрын хүчин мэдэгджээ.


Пуужин Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улсад орших Кважалейн шүрэн арал дахь баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах туршилтын талбай руу 6800 орчим км нисжээ. "Энэхүү туршилт нь "Minuteman III"-ын хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулахад чухал ач холбогдолтой төлөвлөгөөт, цуврал ажиллагааны нэг хэсэг юм" гэж мэдэгдэлд дурдсан байна.


Туршилтыг аюулгүй ажиллагааны хатуу протоколын дагуу явуулсан бөгөөд AFGSC-д үнэтэй мэдээлэл цуглуулах боломжийг олголоо гэж АНУ-ын Сансрын хүчин онцолжээ.


Лхагва гарагт мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов цөмийн туршилтад бэлтгэх ажлыг эхлүүлэхийг санал болгожээ. Үүнээс долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад улсууд цөмийн туршилт хийж байгааг сануулаад, цөмийн туршилтыг эхлүүлэхийг үүрэг болгосон юм.


"Орос, Хятадад ч туршилт хийж байгаа, гэхдээ тэд энэ талаар ярьдаггүй. Тэд ч, бусад нь ч туршилт хийж байгаа тул бид туршилт хийнэ. Умард Солонгос туршилт хийж байна. Пакистан ч туршилт хийж байна" гэж тэрбээр хэлсэн. 


Трампын энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Путин “Буревестник” пуужин болон цөмийн хөдөлгүүрт “Посейдон” шумбагч онгоцыг туршсан тухай мэдэгдэлд өгсөн хариу байв. Үүний дараа Цагаан ордны тэргүүн “Путин пуужингийн туршилт хийхийн оронд бараг дөрвөн жил үргэлжилж байгаа дайныг дуусгахад анхаарвал зохино” гэж мэдэгдсэн юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг