ЛУИСВИЛЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /AP/. Америкийн “United Parcel Service” компанийн /UPS/ ачааны нисэх онгоц мягмар гарагт Кентакки муж улсын Луисвилл хот дахь дэлхийн агаарын тээврийн төвөөс хөөрөхдөө осолдсоны улмаас долоон хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртсэн гэж холбогдох албаныхан мэдэгджээ.
Онгоц “Луисвилл Мухаммед Али” олон улсын нисэх онгоцны буудлын “UPS Worldport”-оос Хонолулуг зорин хөөрөх явцдаа 17:15 цагийн орчимд осолдсон байна. Ослын үеийн дүрс бичлэгээс үзэхэд, онгоцны зүүн далавчин дээр гал гарч, утаа савсаж байгаа нь харагдана. Дараа нь онгоц газраас бага зэрэг хөөрснийхөө дараа асар том галт бөмбөлөг болон дэлбэрчээ.
Гэмтэж бэртсэн 11 хүний зарим нь “маш хүнд” гэмтэл авсан гэж Кентакки муж улсын захирагч Энди Бешир мэдээлжээ. “Зураг, дүрс бичлэгүүдийг үзсэн хэн ч бай энэ осол хэр хүчтэй болсныг мэдэж байгаа” гэж тэрбээр хэлсэн байна. Э.Бешир 1991 онд үйлдвэрлэгдсэн “McDonnell Douglas MD-11” онгоцны багийн гурван гишүүний биеийн байдлын талаар мэдэхгүй байгаагаа хэлжээ.
“UPS”-ийн илгээмж хариуцдаг хамгийн том байгууламж нь Луисвиллд байрладаг. Олон мянган ажилтантай тус төвөөс өдөрт 300 нислэг үйлддэг бөгөөд цагт 400 мянга гаруй илгээмжийг ангилдаг ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл0