САН-ПАУЛУ, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /AFP/. Бразил улсад өнгөрсөн онд хүлэмжийн хийн ялгарал 2009 оноос хойш хамгийн ихээр буурсныг даваа гарагт танилцуулсан статистик мэдээлэл харуулжээ. Зүүний үзэлт Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бэлтгэж буй үед ийм эерэг мэдээлэл цацагдлаа.
Байгаль орчны салбарын төрийн бус байгууллагуудын сүлжээ болох Бразилын Цаг уурын ажиглалтын төвийн мэдээлснээр, Латин Америкийн хамгийн том улсад хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 16.7 хувиар буурчээ.
Үүнийг ой модыг устгахтай тэмцэж буй Лулагийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна. “2019-2022 оны хооронд зориудаар хяналтгүйгээр ой модыг устгаж байсныг холбооны засгийн газар дахин хяналтандаа авсан нь ямар нөлөө үзүүлж байгааг энэхүү мэдээлэл харуулж байна” гэж ажиглалтын төвийн мэдэгдэлд дурджээ. Ингэхдээ Лулагийн өмнөх Ерөнхийлөгч, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд эргэлздэг Жаир Болсонаруг дурдсан бөгөөд түүний үед ой модыг устгах ажиллагаа Амазоны бүс нутагт эрчимжсэн юм.
Лула 2022 оны 10 дугаар сард болсон сонгуульд Ж.Болсонаруг ялж, гурав дахь удаагаа засгийн эрхэнд гарсан билээ. Тэрбээр 2030 он гэхэд ой мод устгах явдлыг зогсооно гэж амласан юм. Лула Ерөнхийлөгч болсноос хойш дэлхийн хамгийн том халуун орны ой болох Амазоны ойн доройтол тогтвортой буурч байна.
Хүлэмжийн хийн ялгарлын талаар сайн мэдээ гарсан боловч Засгийн газрын дэвшүүлсэн уур амьсгалын зорилтуудыг биелүүлэх амлалт хэрэгжихгүй байж магадгүйг ажиглалтын төвөөс анхааруулжээ. Тухайлбал, Амазон мөрний адаг орчмын асар том далайн эргийн газрын тосны төслийг Лула дэмжиж байгааг дурдсан байна.
Өнгөрсөн сард “Петробрас” компани Фоз де Амазонас бүс нутагт газрын тос олборлож эхэлжээ. Лулагийн хувьд газрын тосны орлого нь Бразилын уур амьсгалын шилжилтийг санхүүжүүлэхэд тусална гэж мэдэгдэж байна.
Энэ сарын 10-21-ний хооронд Амазоны Белем хотод болох COP30 бага хурлыг өмнө дэлхийн удирдагчдад хандан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүчээ нэгтгэхийг уриалж буй Лулагийн байр суурь зөрчилтэй байна гэж зарим хүмүүс буруутгаж байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл2
Бразил амазоны ширэнгэн ойгоо дархан цаазтай болгож хамгаалалтанд аваач. Амазон бол дэлхийн уушиг.
За тэгье уушиг гуай хаха