sonin.mn

ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /Reuters/. "ОПЕК+" бүлгийн орнууд ирэх оны эхний улиралд олборлолтоо нэмэгдүүлэхээ түр зогсоохоор шийдвэрлэсэн нь нийлүүлэлтийн илүүдэл үүсэх вий гэсэн болгоомжлолыг намжааснаар газрын тосны үнэ өнөө өглөөний арилжааны явцад өсжээ. 


Тодруулбал, “Brent” маркийн газрын тосны үнэ баасан гарагт нэг торх нь 7 центээр өссөн бол өнөө өглөө 47 цент буюу 0.73 хувиар өссөнөөр нэг торх нь 65.24 ам.доллар болсон байна.


Мөн “WTI” маркийн газрын тосны үнэ 45 цент буюу 0.74 хувиар өсөж, 61.43 ам.доллар болжээ. Ням гарагт Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ ирэх 12 дугаар сарын олборлолтыг өдөрт 137 мянган торхоор буюу 10, 11 дүгээр сарынхтай ижил хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохиролцжээ. “12 дугаар сараас цааших шийдвэрийн тухайд гэвэл, улирлын чанартай байдлаас шалтгаалан найман улс 2026 оны 1, 2, 3 дугаар сард олборлолтыг нэмэгдүүлэхээ түр зогсоохоор шийдвэрлэлээ” гэж тус бүлгийн мэдэгдэлд дурдсан байна.


"ОПЕК+"-ийн шийдвэрийг шинжээчид “болгоомжилсон алхам” хэмээн дүгнэжээ. “RBC Capital” банкны шинжээч Хелима Крофт хэлэхдээ, нэгдүгээр улирлын нийлүүлэлтийн тодорхойгүй байдал болон эрэлт буурах таамаглалыг харгалзан үзвэл болгоомжтой алхам хийх хангалттай үндэслэл бий гэлээ.


АНУ-ын тал “Роснефть”, “Лукойл” компаниудад хориг арга хэмжээ авч, Оросын эрчим хүчний дэд бүтэц цохилтод өртсөөр байгаа хэдий ч ОХУ нийлүүлэлтийн гол тоглогч хэвээр байгааг Х.Крофт нэмж хэлжээ. Ням гарагт Украины дроны халдлагын улмаас Оросын Хар тэнгисийн газрын тосны гол боомтуудын нэг болох Туапсед гал гарч, хамгийн цөөндөө нэг хөлөг онгоц сүйджээ.


“Brent” болон “WTI” маркийн газрын тосны үнэ 10 дугаар сард гурав дахь сардаа дараалан 2 гаруй хувиар буурч, 10 дугаар сарын 20-нд нийлүүлэлтийн илүүдэл болон АНУ-ын тарифтай холбоотой болгоомжлолоос үүдэн таван сарын доод түвшинд хүрсэн байна.


Шинжээчид газрын тосны үнийн талаарх урьдчилсан таамаглалаа ерөнхийдөө өөрчлөөгүй хэвээр байгаа бөгөөд "ОПЕК+"-ийн олборлолт нэмэгдэж, эрэлт буурч байгаа нь нийлүүлэлтэд учрах геополитикийн эрсдэлийг нөхөж байгааг “Reuters” агентлагийн санал асуулга харуулжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг