sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтад оролцож үг хэлжээ.Тэрээр: "Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага \АПЕК\ байгуулагдсанаас хойших 30 гаруй жилийн турш, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн зураг төлөвлөгөөг боловсруулж эхэлснээс авахуулаад Ази, Номхон далайн цогц нэгдлийг байгуулахыг дэмжих хүртэл Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийн нээлттэй хөгжлийн тэргүүн эгнээнд явж, дэлхийн хамгийн идэвхтэй эдийн засгийн бүс болон хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгсөөр ирсэн юм.


Өнөөгийн байдлаар дэлхий дахины өөрчлөлт түргэсч, олон улсын нөхцөл байдал улам ээдрээ будлиантай болж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжилд тодорхойгүй хүчин зүйлс нэмэгдсээр байна. Энэхүү хүндхэн үед бид хамтдаа хүндрэлийг даван туулах ёстой. Иймд АПЕК-ийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, ард түмний сайн сайхан амьдралыг хангах анхны зорилтоо баримталж, нээлттэй хөгжлийн замаар боломжуудаа хуваалцаж, хамтран ажиллаж, хамтдаа хожиж, бүх нийтийн хамарсан эдийн засгийн даяаршлыг бий болгож, улмаар Ази, Номхон далайн хувь заяаны цогц нэгдлийг бий болгох ёстой. Энэ талаар таван санал санаачилга дэвшүүлж байна.



Нэгт, олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалах. Бид жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн худалдааны байгууллагаар төв болгосон олон талт худалдааны тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх ёстой. Мөн дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийг зөв чиглэлд хөтөлж, хамгийн таатай нөхцөл байдалтай орны дэглэм, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг сахин хамгаалж, олон улсын худалдаа, эдийн засгийн дүрмийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэх замаар хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах ёстой.


Хоёрт, бүс нутгийн нээлттэй эдийн засгийн орчныг хамтран байгуулах. Худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт, хялбарчилсан орчныг үргэлжлүүлэн бий болгож, санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг тогтвортой ахиулах. “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (RCEP)-ийн өндөр чанартай хэрэгжилт болон “Номхон далай дамнасан түншлэлийн харилцааны хэлэлцээр”-ийг өргөжүүлэхээр боломж болгон харилцан уялдаа холбоогоо бэхжүүлж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулахад хүчээ нэгтгэх ёстой.


Гуравт, үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй байдлыг хамтдаа хамгаалах. “Гараа татах” биш харин “гараа сунгаж”, "тусгаарлаж салах” биш харин “хамтарч нэгдэх” зарчмыг тууштай баримталж, илүү олон ашиг сонирхлын нийтлэг талыг эрэлхийлж, ханган нийлүүлэлтийн сүлжээний нээлттэй хөгжлийг дэмжих ёстой. “АПЕК-ийн дэд бүтцээр харилцан холболдох зураг төлөвлөгөө” хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан хатуу болон зөөлөн дэд бүтцийн холболт, сэтгэлийн холбоог улам бэхжүүлж, улмаар Ази, Номхон далайн бүс нутгийн нээлттэй хөгжлийн үндэс суурийг бататгах ёстой.


Дөрөвт, худалдааг дижиталжуулах, ногоон болгохыг хамтран дэмжих. Хил дамнасан худалдааг дэмжихэд дижитал технологийн үүргийг бүрэн дүүрэн ашиглаж, цахим худалдааг ахиулах, ухаалаг гааль зэрэг салбарт практик хамтын ажиллагааг хөгжүүлэх. Төрөл бүрийн саад бэрхшээлийг арилгаж, ногоон үйлдвэрлэл, цэвэр эрчим хүч, ногоон ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх. Хятад улсын АПЕК-д санаачилсан Ази, Номхон далайн бүсийн цахим боомтын жишээ үзүүлэх сүлжээ болон ногоон ханган нийлүүлэлтийн сүлжээ нь бүс нутгийн худалдааг дижиталжуулах, ногоон болгох хамтын ажиллагааны чухал тавцан болсон юм.


Тавд, хүртээмжтэй хөгжлийг хамтдаа дэмжих. Хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, тэнцвэргүй хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлж, бүс нутгийн ард иргэдэд илүү хүртээмжтэй, илүү тогтвортой, илүү ашигтай эдийн засгийн даяаршлыг ахиулах. "Бүс ба Зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг дэмжиж, хөгжиж буй орнуудыг орчин үеийн болгоход нь дэмжиж, дэлхийн хөгжлийн шинэ орон зайг нээхийн тулд Хятад улс талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хятад улстай дипломат харилцаатай хөгжлөөр тааруухан орнуудын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн тэг тарифын дэглэм тогтоосон. Мөн зөвшилцөөр эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээнд гарын үсэг зурж,дипломат харилцаатай Африкийн орнуудын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн тэг тарифын бодлого хэрэгжүүлэхэд бэлэн байна бөгөөд бүх улс оронтой хамтдаа хөгжиж, хамтын хөгжлөө хуваалцахыг зорьж байна.



Хятад улс гадаадад нээлттэй байх үндэсний үндсэн бодлогоо үргэлж баримталж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бий болгоход чиглэсэн тодорхой арга хэмжээ авч ирсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны цар хүрээ дэлхийд нэг болон хоёрдугаарт жагсаж, 700 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, гадаад орнуудад чиглэсэн хөрөнгө оруулалтын жилийн дундаж өсөлт 5%-иас давлаа. Хятадын гадаадын хөрөнгө оруулалтад нэвтрэх сөрөг жагсаалт үргэлжлэн багасч, ганц талаас визгүй нэвтрэх боломж өргөжиж, бие даасан болон ганц талын нээлттэй байдал улам өргөжин тэлж байна. 22 чөлөөт худалдааны туршилтын бүс нь олон улсын өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны дүрэм журмыг хэрэгжүүлж байна. Хятадын гадаадад нээлттэй байх хаалга хэзээд хаагдахгүй, харин улам бүр өргөн хүрээнд нээлттэй байх болно.


Саяхан ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурлаар “15-р таван жилийн төлөвлөгөө”-г боловсруулах саналыг баталсан. Хятад улс энэ боломжийг ашиглан, өөрчлөлт шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлж, өндөр түвшний нээлттэй байдлыг тууштай өргөжүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэ ололт амжилтаар Ази, Номхон далайн бүс нутаг, дэлхий дахинд шинэ боломжуудыг тасралтгүй хангах болно." гэжээ.


Н.Пүрэвжав