СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 29 /AP/. “Далай-газар” ангиллын далавчит пуужингуудыг амжилттай туршсан тухайгаа Умард Солонгос өнөө өглөө мэдэгдсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост айлчилж байгаа үед тус улсын цэргийн чадавх өсөн нэмэгдэж байгааг харуулах зорилготой гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, мягмар гарагт явуулсан туршилтын үеэр пуужингууд байдаа оновчтой тусахаас өмнө хоёр цаг гаруй нисжээ. Эдгээр зэвсэг нь Умард Солонгосын цөмийн зэвсэгт хүчнийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэнээр, мягмар гарагт 15:00 цагийн орчимд Умард Солонгосын баруун хойд нутгаас далавчит пуужингуудыг харвасан байна. Нэгдсэн хороо мөн Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийнхэн зэвсгийг шинжилж байгаа гэдгийг мэдээлээд Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад “шийдэмгий хариу” өгөх хамтарсан бэлэн байдлыг хадгалж байгааг онцолжээ.
Умард Солонгосын тал пуужин туршсан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар Гёнжү хотод хийх дээд хэмжээний уулзалтаас хэдэн цагийн өмнө мэдээллээ.
Тус хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалт болох юм. KCNA агентлагийн мэдээлснээр, туршилтад цэргийн өндөр албан тушаалтан Пак Жон Чон оролцсон бөгөөд тэрбээр мөн шинээр үйлдвэрлэсэн эскадрын мина зөөгч хоёр хөлөг онгоцны байлдааны бэлэн байдлыг шалгажээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өмнө нь уг хөлөг онгоцуудыг тэнгисийн цэргийн флотыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн мэдэгдэж байв. Д.Трамп Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Тэрбээр мөн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байна. Харин Өмнөд Солонгосын албаны хүмүүс Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болох магадлал бага гэж мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн хугацаанд Ким Жөн Уны Д.Трамптай хийсэн цөмийн асуудлаарх дипломат уулзалт 2019 онд бүтэлгүйтсэний дараа Умард Солонгосын тал Вашингтон, Сөүлийн аль алинтай нь хэлэлцээ хийхээс зайлсхийсээр иржээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 10 сарын 29,
2025

Сэтгэгдэл1
байн байсаар далавчгүй суман пуужин бүтээх сурамгай залуус-----