sonin.mn

ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч Поль Бийя ялсан гэж Үндсэн хуулийн зөвлөл зарласны дараа тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. 


Сөрөг хүчнийхэн олон хотод жагсаал зохион байгуулсан нь үймээн самуун дэгдэхэд хүргэсэн байна. Жагсагчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм. 


Дуала хотод цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Хүчнийхэн болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан Нью-Белл дүүргийг хааж, орох, гарах хэсэгт шалган нэвтрүүлэх постууд байрлуулсан байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, аравдугаар сарын 26-нд Дуала хотод засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр дөрвөн хүн амиа алджээ. Сөрөг хүчний гол бааз төвлөрч байгаа, Камеруны хойд нутагт орших Гаруа хотод мөн нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байна. 


Үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэрт дурдсанаар, 1982 оноос хойш эрх барьж буй Поль Бийя 53.66 хувийн санал авч, найм дахь удаагаа ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ. Түүний өрсөлдөгч Бакари Исса Чирома 35.2 хувийн санал авсан байна.


Чирома өмнө нь өөрийгөө сонгуульд 60 орчим хувийн саналаар ялсан, бусад дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэв Үндсэн хуулийн зөвлөл түүнийг сонгуульд ялсныг зарлахгүй бол өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж тэрбээр мөн мэдэгджээ. BBC сувгаар мэдээлснээр, Чирома одоо Гаруа хотод байгаа аж.


Өдгөө 92 настай Поль Бийя 1982 оноос хойш Камеруны төрийн эрхэнд байгаа бөгөөд хамгийн удаан хугацаанд төрийн эрхийг барьсан удирдагчдын нэг юм.


Тунисийн ерөнхийлөгч Бежи Каид Эс-Себси нас барснаар Поль Бийя  2019 оны долоодугаар сарын 25-наас дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн болсон юм. Харин 2022 оны есдүгээр сарын 8-наас хойш Их Британийн хатан хаан II Элизабет таалал төгссөний дараа тэрбээр албан үүргээ гүйцэтгэж буй дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн болжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг