
Улс төр бужигнаан хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Хаа сайгүй л хардлага сэрдлэг дагуулсан эргэлзээ тээнэгэлзээ ихтэй үйл явдлууд өрнөж байна. Ядаж байхад яг энэ үеэр Монгол Улсын хувьд тун чухал асуудал Лондоны арбитрын шүүх дээр явагдаж байгаа юм.
Олон жил үргэлжилж байгаа Монгол Улсын Засгийн газар, “Оюу толгой” ХХК-ийн хоорондын татварын маргааныг шийдвэрлэх хуралдааныг Лондоны арбитрын шүүх 2025 оны есдүгээр сарын 15-26-нд хийжээ.
Харин тэр хуралд оролцоод ирсэн Засгийн газрын ажлын хэсгийнхэн уржигдар мэдээллээ өгчээ. Тэр талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “…Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүх дээр ялна гэдэг итгэлтэй байгаа. Хэрэв ялж чадахгүй, “Рио Тинто” компанийн талд шийдвэр гарвал энэ байгууллага чинь 40, 50 жил үйл ажиллагаа явуулна. Анх хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ 30 жилийн хугацаатай хийсэн.
Одоо 16 дахь жил нь өнгөрч байна. Цаашид төлөх татвар дээрээс суутгах байдлаар Монгол Улсын эдийн засаг, төсөвт дарамт болохгүйгээр шийдэх боломжтой” гэсэн байна.
Харин уул уурхай, эдийн засгийн чиглэлийн экспертүүд, эх сурвалжууд үүнийг арай өөрөөр тайлбарлаж байна. Учир нь, Засгийн газрын 2025 оны зургадугаар сарын 18-ны хуралдаанаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоог ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийг ахалж, Лондоны арбитрын шүүх дээрх татварын маргаан дээр нэлээд хугацаанд ажилласан юм.
Түүнчлэн, Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 8-ны хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлжээ.
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй. Гурав нь Оюу толгой төсөлд Монголын эрх ашгийг хангуулах үүрэгтэйгээр Монголын Засгийн газрыг төлөөлж ажилладаг. Тэдний нэгээр Э.Баясгаланг 2020 онд томилж байв. Тиймээс, “…Оюу толгойн арбитрын маргаанаас Б.Солонгоо, Э.Баясгалан хоёрыг гаргасан нь “Рио Тинто”-д бууж өгөх эс үйлдэхүй юу” гэж эргэлзээд эхэлсэн байна. Ингэх бас нэг шалтгаан нь, “…Засгийн газар сөрөг нэхэмжлэлээсээ буцсан байж болзошгүй” гэсэн мэдээлэл яригдаж эхэлсэнтэй холбоотой бололтой.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл1
Оюутолгой яаха вэ, дашгүй. Дачин Тамсагтай үзээч...Ямарч өгөөжгүй, тэрбум ам долларын хөрөнгө оруулсөн гээд өөрснөө ажлын хөлс гэж буцааж гаргаад одоо эх орны алт зэсээс үнэтэй баялгаар нөхөгдөж газрын тосоор нөхөхдөж байгаа. Ганц оюутанд тэтгэлэг ч олгохгүй... Газрын тосны хууль нь Гэрээлэгч завхөн Засгийн газартай шууд харьцана гэсэн хоцрогдсон агуулгатай юм л даа. Газрын тосны тухай, 2014 болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай, 2006 оны хуулиудыг ҮТЭР ТҮРГЭН ӨӨРЧЛАН САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ....