
МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикистанд хийх төрийн айлчлалаа лхагва гарагт эхлүүллээ. Гурван өдөр үргэлжлэх айлчлалынхаа үеэр тэрбээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад улсын удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.
Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай нь холбогдуулан Барууны орнууд өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ аваад байгаа энэ үед Оросын хувьд Тажикстан болон Төв Азийн бусад оронтой хийх худалдаа, хамтын ажиллагаа улам чухал болж байна.
В.Путин Тажикистаны нийслэл Душанбе хотод лхагва гарагт хүрэлцэн иржээ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийснийхээ дараа Орос-Төв Азийн дээд хэмжээний уулзалт оролцоно. Уг уулзалтад мөн Казахстан, Киргиз, Туркменстан, Узбекистаны удирдагчид оролцох ажээ. Баасан гарагт тэдэнтэй Армени, Азербайжан, Беларусийн удирдагчид нэгдэх бөгөөд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын эвсэл болох Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) гишүүн орнуудын удирдагчдын өргөтгөсөн хуралдаанд оролцох юм.
Тажикастаны төрийн эрхийг 33 орчим жил барьж байгаа Э.Рахмон бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын удирдагчдын дундаас хамгийн удаан төрхийн эрхэнд байгаа хүн юм. Өдгөө 73 настай, колхозын дарга асан 1992 онд ЗХУ задран унасны дараах иргэний дайны дараа төрийн эрхэнд гарчээ.
Эрх мэдэлд хүрснийхээ дараа тэрбээр өөрийнх нь засаглалыг эсэргүүцсэн бүх хүчнийг дарж, улмаар насан туршдаа эрх барих боломжийг нээсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулсан байна. В.Путин Оросыг 25 жил удирдаж байгаа бөгөөд тэрбээр мягмар гарагт 73 нас хүрчээ. Афганистантай 1300 км урт зурвасаар хиллэдэг Тажикистаны нутагт ОХУ цэргийн баазаа байрлуулсаар байгаа юм. Тажикистан нь 2023 онд Путинийг баривчлах зөвшөөрөл олгосон Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ гишүүн улс юм. Гэсэн хэдий ч Оростой улс төр, эдийн засаг, цэргийн нягт харилцаатай энэ улсад түүнд баривчлагдах эрсдэл үгүй. ОУЭШ-д цагдаагийн хүчин байдаггүй бөгөөд баривчилгаанд гишүүн орнуудынхаа дэмжлэгт найдахаас өөр аргагүй байдаг. 2024 оны есдүгээр сард Путин ОУЭШ-ийн бас нэг гишүүн орон болох Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн боловч тус улс түүнийг баривчлах үүргээ биелүүлээгүй юм.
Лхагваг гарагт хүний эрхийн “Human Rights Watch” байгууллага Путинийг баривчлахыг Тажикистанд уриалаад, хэрэв баривчлахгүй байх аваас "Украинд үйлдэж буй Оросын цэргүүдийн гэмт хэргийн хохирогчдын зовлонг үл тоомсорлосон үйлдэл болно" гэж анхааруулжээ.
ОУЭШ-ийг ОХУ хүлээн зөвшөөрдөггүй боловч тус шүүхийн баривчлах тушаал нь Путиний гадаадад хийх айлчлалыг хязгаарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг орнуудад очихоос зайлсхийхэд хүргэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн наймдугаар сард Аляскад хийсэн уулзалт нь 2022 оны хоёрдугаар сард Москва Украин руу цэрэг илгээсний дараа Баруунд хийсэн Путиний анхны айлчлал нь байв. АНУ нь ОУЭШ-ийн гишүүн биш тул түүнийг баривчлах үүрэггүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Алуурчин доншуучилж явна