sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож, барьцаанд байгаа хүмүүс, хоригдлуудыг суллах тухай энхийн төлөвлөгөөний “эхний үе шат”-ыг хэрэгжүүлж эхлэхээр тохиролцсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. 


“Ингэснээр барьцаанд байгаа БҮХ хүнийг тун удахгүй суллаж, Израилын тал бат бөх, мөнхийн энх тайвныг тогтоохын төлөөх эхний алхам болох тохиролцсон шугам руу цэргээ татна гэсэн үг юм” гэж Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.


ХАМАС бүлэглэлийнхэн барьцаалагдсан, эсэн мэнд байгаа 20 хүнийг бүгдийг нь энэ амралтын өдрүүдэд суллахаар төлөвлөж байна гэж “Associated Press” агентлаг мэдээлсэн бол Израилын арми Газын зурвасын ихэнх хэсгээс цэргээ гаргаж эхлэх ажээ. “Бурхны тусламжтайгаар бид тэднийг бүгдийг нь эх оронд нь авчрах болно” гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ. ХАМАС-ын зүгээс мэдэгдэхдээ, энэхүү тохиролцоо нь Израилын цэргийг гаргах баталгааг өгөхөөс гадна тусламжийг нэвтрүүлэх, барьцааны хүмүүс болон хоригдлуудыг солилцох боломжийг олгоно гэсэн байна.


Израил болон ХАМАС-ын хооронд АНУ-ын зуучлалаар байгуулсан энхийн хэлэлцээрийн эхний үе шатыг эхлүүлэх тохиролцоог НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш лхагва гаргийн орой сайшаасан байна.


Тэрбээр “хэлэлцээрийн нөхцөлүүдийг бүрэн дагаж мөрдөхийг” бүх талд уриалаад “НҮБ хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийг дэмжиж, Газад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг эрчимжүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ. Хэлэлцээрийг пүрэв гарагт Израилын Засгийн газарт батлуулахаар илгээх бөгөөд ингэсний дараа Израилын цэргүүдийг тохиролцсон хил рүү татан гаргаж эхэлнэ гэж Цагаан ордны өндөр албан тушаалтан мэдэгджээ. Улмаар ХАМАС-т барьцааны хүмүүсийг суллахад 72 цагийн хугацаа олгох бөгөөд тэднийг даваа гаргаас суллаж эхэлнэ хэмээн Цагаан ордон үзэж байна гэж албаны хүн мэдээлсэн байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг