sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.10.01) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фюенг бараалхав. 




Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Зүүн өмнөд Ази дахь чухал түнш Вьетнам улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 70 жилийн хугацаанд бүх талын харилцаа идэвхтэй өрнөж, эдүгээ “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд хүрсэн бөгөөд нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт бодит хамтын ажиллагаа хэрэгжиж буйг тэмдэглэв.


Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр улсын парламентын удирдлага болон парламент хоорондын бүх түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах нь манай хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.


Мөн Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын бизнес эрхлэгчдийг төр засгийн бодлогоор харилцан дэмжих нь чухал гэдгийг онцоллоо.






Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фюенг хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, улс төрийн итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү нягт хөгжиж буйг онцлон цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, олон агуулгаар баяжуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Түүнчлэн хоёр орны хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, ялангуяа аж үйлдвэрийн салбарт түлхүү хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.







БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд даргын тус удаагийн Монгол Улсад хийж буй айлчлал нь 2015 оноос хойш Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд даргын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.