sonin.mn

ДОХА, 2025 оны аравдугаар сарын 1 /NHK/. Газын зурваст гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг ХАМАС бүлэглэлийнхэн судалж байна гэж Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгджээ. Д.Трамп уг төлөвлөгөөг даваа гарагт Цагаан ордонд танилцуулсан юм. 


Хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансаригийн хэлснээр, Катар, Египетийн талууд Газа дахь дайныг зогсоох төлөвлөгөөг ХАМАС-т хүргүүлсэн бөгөөд ХАМАС-ын төлөөлөгчид судлахаа амласан байна. Гэхдээ тус бүлэглэлийнхэн ямар хариу өгөх талаар ярихад эрт байна гэж тэрбээр нэмж хэлжээ.


Израил, ХАМАС-ын хоорондын хэлэлцээнд Катар, Египетийн төлөөлөгчид гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. ХАМАС болон Палестины бусад бүлэглэл уг төлөвлөгөөг “хүлээн зөвшөөрөх хандлагатай байна” гэж CBS телевиз мэдээлэлд ойр эх сурвалжийг эш татан мэдээлжээ. ХАМАС-ын хариуг лхагва гарагт зуучлагчдад танилцуулна гэж эх сурвалж хэлсэн байна. ХАМАС-ын мэдэлд байдаг Палестины хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүлэглэлийн мэдэгдлийг эш татан даваа гарагт мэдээлэхдээ, төлөвлөгөөнд тусгасан нөхцөлүүд нь “Израилын зорилгод” ойр байгааг онцолжээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, Д.Трампын төлөвлөгөөг НҮБ-ын тэргүүн сайшааж байгааг дурдаад, “хоёр улс зэрэгцэн орших шийдлийг хэрэгжүүлэх” нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Д.Трамп Цагаан ордонд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсаныхаа дараа 20 зүйл заалт бүхий гал зогсоох төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Израилын удирдагч уг төлөвлөгөөг дэмжинэ гэж мэдэгдсэн билээ. Төлөвлөгөөнд хэрэв хоёр тал энэхүү саналыг зөвшөөрвөл “дайн шууд дуусна” гэж заажээ. Мөн агаараас болон их буугаар цохилт өгөх зэрэг цэргийн бүх ажиллагааг түр зогсоох гэж дурдсан байна. Түүнчлэн Израилын тал саналыг хүлээн зөвшөөрснөөс хойш 72 цагийн дотор ХАМАС барьцаанд байгаа бүх хүнийг /амьд болон амиа алдсан/ буцааж өгөх ёстой гэж тусгасан байна.


Д.Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, ХАМАС-тай хэлэлцээ хийх “тийм ч их боломж бололцоо” байхгүй гэжээ. “Бид ХАМАС-ын хариуг л хүлээж байна, ХАМАС үүнийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг, гэхдээ тэд зөвшөөрөхгүй бол маш гунигтай төгсгөл хүлээж байна” гэж тэрбээр хэлсэн байна. 


Хэрэв ХАМАС саналыг хүлээн авахаас татгалзвал Израил “хийх ёстой зүйлээ хийх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрбээр мөн ХАМАС-т хариу өгөх “гурав юм уу дөрөв хоногийн хугацаа бий” хэмээн хэлсэн байна. Б.Нетаньяху даваа гарагт мэдэгдэхдээ, хэрэв ХАМАС төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах аваас Израилын тал “энэ ажлыг өөрөө дуусгана” гэж анхааруулжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг