Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНПУ-ын Сеймийн гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг өнөөдөр (2025.09.30) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлдэг бөгөөд Польш Улсыг манай улсын чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг гэдгийг тодотголоо. Дэлхий дахин, бүс нутагт хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдал үргэлжилж, олон улсын харилцаа ээдрээтэй цаг үеийг туулж буй энэ үед манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөсөөр байна. Үүнд хууль тогтоох дээд байгууллага парламент хоорондын харилцаа онцгой байр суурь эзэлж, чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
БНПУ-ын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцагийн зүгээс Польш, Монголын парламентын найрамдлын бүлгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр хөгжиж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Хоёр орны худалдааны эргэлт 90 сая ам.долларт хүрсэн бөгөөд Польш Улсаас Монгол Улс руу хийж буй экспорт нь Европын орнууд дунд 3 дугаарт, дэлхийн улс орнуудаас 11 дүгээрт эрэмбэлэгдэж буйг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, цаашид худалдаа, эдийн засаг, инновац, технологийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв.
Энэ онд Монгол Улс, Польш Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл1
Үхсний чинь удахгүй нарсандаа морил