
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 30 /Reuters/. АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа зогсох вий гэсэн болгоомжлол, геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсноор даваа гарагт алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 3800 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тодруулбал, алтны үнэ 14:00 цагийн байдлаар 1.9 хувиар өсөж, унц нь 3,829,63 ам.доллар болсон байна. “High Ridge Futures” фирмийн металлын арилжаа хариуцсан захирал Дэвид Мегерийн хэлснээр, АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож болзошгүй байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчид найдвартай активын эрэлд гарсан нь алтны үнэ өсөх гол хүчин зүйлсийн нэг болжээ.
Үүнээс гадна Оросын цэргүүд Украины зүүн нутгийн Донецк бүс нутгийн Шандриголово тосгоныг хяналтдаа авсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Ингэснээр бодлогын хүү бага үед, мөн тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед өсөх хандлагатай байдаг алтны үнэ энэ он гарсаар 43 гаруй хувиар өсөөд байна.
Өнгөрсөн баасан гарагт танилцуулсан АНУ-ын хувийн хэрэглээний зардлын үнийн индекс урьдчилсан таамаглалтай нийцсэн нь ирэх 10, 12 дугаар сард хуралдах Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээ мөнгөний үнэ 2 гаруй хувиар өссөнөөр унц нь 47 ам.долларт хүрч, сүүлийн 14 жил гаруйн хугацаан дахь дээд түвшинд хүрсэн байна. Мөн цагаан алтны үнэ 1.5 хувиар өсөж, 1592.65 ам.доллар болсон нь сүүлийн 12 жилийн дээд үзүүлэлт болсон бол палладийн үнэ 1.1 хувиар буурч, 1255.61 ам.доллар болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0