
“Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 01 дүгээр албан даалгаварт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох, Ерөнхий сайдын 2025 оны 64 дүгээр захирамжаар баталсан “Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2025 оны есдүгээр сарын 29-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт яамд, Засгийн газрын агентлагийн асуудал хариуцсан 40 гаруй албан хаагч оролцлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах хууль зүйн үндэслэл бүрдэж, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх зарчмын хэрэгжилт хангагдахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан тул төсөлтэй холбоотой саналаа бичгээр болон цахимаар илгээх боломжтой юм.
Сэтгэгдэл0