sonin.mn

Ардын намын Бага хурлын VIII хуралдаан өнгөрсөн бямба гарагийн үдийн өмнө эхэлж ням гарагийн өглөө найман цагт өндөрлөсөн билээ. Уг хурлын өмнө тус намын удирдлагууд хоорондынхоо өрсөлдөөний явцад ардчилсан нийгэмд байж болзошгүй, илтэд Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн ноцтой зүйлсийг ярив.


 Д.Амарбаясгалан: "Манай намын дарга нар цуг сууж байгаад Н.Өнөрцэцэгт ял өгөх гэж байхад нь би яах юм бэ? хэрэггүй гэсэн" гэх мэтээр ярьсан. Юу гэсэн үг юм бэ? Энэ ярианы логик нь шүүх засаглалын эрх мэдлийг МАН хэрэгжүүлдэг болсон гэсэн үг. Энэ нь МАН-ыг тараах хангалттай хуулийн үндэслэл болно. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж буйгаа ярьсан бол Ц.Нямдорж үүнийг үгүйсгэн, МАН-ын бага хурлын гишүүдэд кино ярьж буй цэрэг мэт аашилсан байх аж.


Мөн МАН-ын даргыг сонгосон гэх хурал нь илтэд дүрмийн бус ширэнгийн тулаан шиг л юм болсон байх юм. МАН-ын Бага хуралд нийт 442 гишүүн оролцсон бөгөөд "эхний санал хураалт"-аар Д.Амарбаясгаланд 248 гишүүн буюу 56.1 хувь, Г.Занданшатарт 194 гишүүн буюу 43.9 хувь нь санал өгч, тэдний хэн нь ч гуравны хоёр буюу 66.3 хувийн саналыг авч чадаагүй байгаа юм.


Энэ тохиолдолд МАН-ын Их хурлыг зарлаж, тус хурлаар шийдэх ёстой. Иймд Г.Занданшатарынхан ихэнх хүмүүс хурлын заалнаас гарч явж. Гэтэл хурал зохион байгуулагчид саналыг хуудаснаас Г.Занданшатарыг хасаад ганц Д.Амарбаясгалангийн нэр дээр "хоёр дахь санал хураалт"-ыг зааланд үлдсэн Бага хурлын 321 гишүүний дунд явуулахад эхний санал хураалтаар Д.Амарбаясгаланг дэмжиж санал өгсөн 248 гишүүн дээр 27 гишүүний санал нэмэгдэж нийт 275 хүний дэмжлэг авсан бол үлдсэн 46 гишүүн түүнийг дэмжихгүй гэж хоосон цаас өгч. Гэтэл Д.Амарбаясгалангийн талынхан зааланд үлдсэн 321 төлөөлөгчөө 100 хувь гэж үзээд 85.6 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын даргын сунгаанд ялсан гэж үзжээ. Харамсалтай нь илтэд Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байхад УИХ-д суудалтай "жижиг" гэгдэх намууд энэ тухай ганц ч үг ганхийсэнгүй, Д.Амарбаясгаланд баяр хүргэсэн мэндчилгээ илгээсэн байх юм.


Харин Ардчилсан Нам Үндсэн хуульт ёсоо хамгаалж эхэлсэн шийдвэр гаргажээ.


Тодруулбал, Ардчилсан намын УТЗ-өөс УИХ дахь АН-ын бүлэгт улстөрийн үйл ажиллагаа явуулах 2 заалт бүхий чиглэл өгсөн байна. Уг шаардлагад: " Эрх баригч Монгол Ардын намын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асуудал төдий бус Монгол улсын төрийн хямралын хэмжээнд хүрч, улстөрийн тогтворгүй байдалд хүрэх нөхцөл бодитой болсон тул АН-ын УТЗ, УИХ дахь АН-ын бүлгээс дараах шаардлагыг хүргүүлж байна.


Нэгдүгээрт: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига албан тушаалын болон эрүүгийн онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улстөрчдийн захиалгаар ажилладаг болох тухай эрх барих намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдэл хийснийг хууль, шүүхийн байгууллагууд шалган тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёсзүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсч байна.


Хоёрдугаарт: МАН албан ёсны даргатай болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ болон Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч, үүний улмаас парламентаар хэлэлцэх ёстой ирэх оны төсөв, дунд хугацааны үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох бодит аюул учирч байна. МАН-ын Бага хурлын шийдвэрийг харахад одоогийн Засгийн газрын эрх чадамжийг ярих хэмжээнд хүрлээ.


УИХ, Засгийн газрын тэмцэл нь ирэх оны төсөвт нөлөөлөх хэмжээнд очлоо. Ийм учраас энэ зөрчил шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна.


Сүүлийн 3 удаагийн УИХ-ын сонгуулиар тасралтгүй эрх барьж байгаа ч ард түмний ахуй амьдралыг өөд нь татаж чадаагүй МАН-аас Монгол улсад бий болгосон өнөөгийн төрийн хямралаа нэн даруй шийдвэрлэж, хуульт ёс, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх алхмуудыг хэрэгжүүлэх хүртэл төсвийн хэлэлцүүлэг болон УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байх, мөн цаашид парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэн, Засгийн газарт хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллахыг АН-ын УТЗ-өөс АН-ын дарга О.Цогтгэрэл болон УИХ дахь АН-ын бүлэгт чиглэл болгож байна." гэсэн шаардлагыг УИХ-ын дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтлоо." гэсэн байна.




С.Сарнай