
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн менежерүүд болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хотын ногоон байгууламжийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, үүнд хэрэглэх техник төхөөрөмж, ирэх оны төлөвлөлт, болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Намайг ажлаа авахад энэ салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан. Харин ирэх жил бид хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөг тусгасан. Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг нэмсэн. Дахиад ч инфляцтай уялдуулж, жил бүр нэмээд явна. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ өвөл цас орохоор явган зам дээр хүрз барилгүйгээр тоног төхөөрөмжөө сайн ашиглах хэрэгтэй. Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниуд хүн хүчээ ч, тоног төхөөрөмжөө ч нэмж, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлынх нь дагуу ашиглаж, тоноглож, иж бүрнээр нь хэрэглэж сурах шаардлагатай байна. Гудамжинд шороо манаргаж зогсож болохгүй. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг яг үйлдвэрлэгчээс нь авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр нийлүүлж байгаа. Хүйтрэхээс өмнө шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалгаа өгөх хэрэгтэй. Түүнчлэн тоног төхөөрөмжөө илүү олон үйлдэлт болгох чиглэлд анхаарна. Нэг машинаар цас хусах, ачих, хог шүүрдэх боломжтой байдлаар тоноглолуудыг нь нэмнэ. Ирэх жилээс хотын гудамж, замуудын хайс хашлагыг машин техникээр угаадаг болохоор зорьж байна. Ингэж байж энэ салбарын компаниуд бойжиж, илүү чанаржих учиртай. Цалин хөлс, техник тоног төхөөрөмжийг нь хангалттай хэмжээнд шийдэж байгаа учраас гүйцэтгэл, чанарыг маш өндөр түвшинд шаардаж ажиллана” гэв.
2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникүүдийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисыг машин дээрээс гараар цацах, явган замын цас, мөсийг гараар болон цохиураар цохих, шүүрдэж цэвэрлэдэг байлаа. Тэгвэл хот, нийтийн аж ахуйн салбарт 2023 оны 12 дугаар сард нийт 87 машин техник, 2024 онд 117 машин техникээр парк шинэчлэлт хийсэн юм.
Харин 2025 онд 241 тусгай зориулалтын машин техникээр парк шинэчлэлт хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 170 орчим машин техникийг хүлээж аваад байна. Эдгээр машин техникийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлээд байна.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 157 га талбайд нийт 2025 онд дараах ажлыг хийж гүйцэтгэжээ.
61521 ширхэг мод бутыг шинээр тарьсан,
64 га талбайд усалгаа хийсэн,
40112 м.кв зүлэг шинээр нэмсэн,
147312 мод бутанд гурван удаагийн давтамжтай хэлбэржүүлэлт хийсэн,
1639 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Нийслэлийн ногоон байгууламжуудыг жигдлэх, нөхөн тариалалт хийх, тооцоолол хийх,
Ногоон байгууламжийн арчилгаа хариуцаж байгаа компаниуд хортон шавж устгалаа хийх, өвлийн арчлалтаа хийх,
Хог хаягдлаа гадна талбайдаа хаяж байгаа ААН, байгууллагуудад арга хэмжээ авах, гудамжийг хоггүй байлгах зэрэг үүрэг даалгаврыг өгөв.
Сэтгэгдэл1
Хотын төсөвт аудит оруулаа Маш их бонд гаргаж хчтад голдуу кампаниудыг тпндерт шалгаруулсан Өөрсдөөсөө зээлээд чдаж монгол кампаниудаа ажлаар хангаж байгаач