
ПАСАЙ, 2025 оны есдүгээр сарын 29 /RT/. Филиппинд болсон эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Италийн шигшээ баг түрүүллээ. Финалын тоглолтод италичууд Болгарын шигшээг 3:1 (25:21, 25:17, 17:25, 25:10) харьцаагаар хожжээ.
Италийн шигшээ багаас Юрий Романо хамгийн олон оноо (22) авсан тоглогчоор тодорсон бол Болгарын багаас хамгийн олон оноог Александр Николов (23) авчээ.
Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Италийн Алессандро Микьелетто тодорлоо. Харин шилдэг довтлогчоор 150 оноо авсан А.Николов шалгарлаа.
Италийн волейболчид дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа дараалан хүртлээ. Италийн баг түүхэндээ таван удаа (1990, 1994, 1998, 2022, 2025) ДАШТ-д түрүүлжээ.
2025 оны ДАШТ-ий хүрэл медалийг Польшийн шигшээ баг хүртжээ. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод польшууд Чехийн шигшээ багийг 3:1-ийн (25:18, 23:25, 25:22, 25:21) харьцаагаар хожсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0